Wednesday April 26th, 2023

TERMS OF SERVICE

Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж буй “Инвескор Капитал ҮЦК” ХХК (цаашид “Компани” эсхүл “Бид” гэх)-аас www.icapital.mn вэбсайт болон онлайн арилжааны систем (цаашид “арилжааны систем” гэх)-ээр дамжуулан Харилцагч (цаашид “Харилцагч” эсхүл “Та” гэх)-д санал болгож буй брокерийн үйлчилгээний нөхцөлийг тодорхойлох бөгөөд Компани нь Харилцагчид энэхүү үйлчилгээний нөхцөлд заасны дагуу үйлчилгээг үзүүлнэ.

Үйлчилгээний нөхцөл нь Харилцагч арилжааны системийг ашиглахтай холбогдсон нөхцөл болон үйлчилгээг авахтай холбоотой харилцааг бүхэлд нь тодорхойлсон тул Та анхааралтай уншиж танилцана уу.

Та арилжааны системд бүртгүүлсэн, бүртгэлийн хаяг нээлгэсэн болон нэвтэрсэн тохиолдолд Таныг энэхүү үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлоготой уншиж танилцан, үйлчилгээ авахад шаардлагатай нөхцөлүүдийг хангаж, хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

НЭГ. НЭР ТОМЬЁО

1.1. “Ажлын өдөр” гэж Бямба, Ням болон нийтээр амрах өдрүүдээс бусад Улаанбаатар хотын арилжааны банкнууд бизнесийн ердийн үйл ажиллагаа явуулдаг өдрүүдийг;
1.2. “Ажлын цаг” гэж Даваа гарагаас Баасан гараг хүртэлх 09:30-18:30 цагийг;
1.3. “ББЗЗ” гэж Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчийн Холбооны удирдан зохион байгуулж биржийн бус зах зээлийг;
1.4. “Брокер” гэж Компанийн брокерийн орон тоонд ажилладаг ажилтныг;
1.5. “Брокерийн данс” гэж Компани дахь Харилцагчийн бүртгэлийг;
1.6. “Харилцагчийн дансны мэдээлэл” гэж Харилцагчийн Үнэт цаасны данс болон Төлбөр тооцооны дансны дугаарууд, тэдгээрийн хуулга, үлдэгдлийн мэдээлэл болон Брокерийн дансны мэдээллийг;
1.7. “Брокерийн үйлчилгээ” гэж үйлчилгээний нөхцөлийн 3.1-т заасан үйлчилгээг;
1.8. “Гэрээ” гэж харилцагчтай байгуулах Брокерийн үйлчилгээний гэрээ болон түүний нэмэлт өөрчлөлт, хавсралтуудыг хамтад нь;
1.9. “Давагдашгүй хүчин зүйл” гэж байгалийн гамшиг, түймэр, цэргийн ажиллагаа, дайн, терроризмын үйл ажиллагаа, иргэдийн үймээн самуун, ажил хаялт, аль нэг талын буруутай үйл ажиллагаанаас хамааралгүйгээр гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэр, хориг, халдварт өвчин, хорлон сүйтгэх ажиллагаа зэрэг талуудын үйл ажиллагаа, нөлөөллөөс үл хамаарах нөхцөл байдлыг;
1.10. “Маржин” гэж Харилцагчаас үнэт цаас худалдан авахаар номинал дансанд байршуулсан урьдчилгаа төлбөрийг;
1.11. “Монголбанк” гэж Монгол Улсын Төв Банкийг;
1.12. “МХБ” гэж Монголын хөрөнгийн биржийг;
1.13. “Номинал данс” гэж Компанийн нэр дээр арилжааны банканд нээлгэсэн, харилцагчдын төлбөр тооцоог хүлээн авах, нэгтгэн шилжүүлэх харилцах дансыг;
1.14. “СЗХ” гэж Санхүүгийн зохицуулах хороог;
1.15. “Т+0 өдөр” гэж Харилцагчийн үнэт цаасны захиалга биелсэн өдрийг;
1.16. “Т+2 өдөр” гэж Харилцагчийн үнэт цаасны захиалга биелснээс хойш 2 дахь өдрийг;
1.17. “Төлбөр тооцооны данс” гэж Номинал данс дахь тухайн харилцагч тус бүрээр ялгагдах данс бүртгэлийг;
1.18. “ҮЦТХТ” гэж “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийг;
1.19. “Үнэт цаасны данс” гэж Монголын Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд нээгдэх үнэт цаасны дансыг;
1.20. “ҮШЕН” гэж Үйлчилгээний нөхцөлтэй харилцагч танилцаж, Харилцагчаар бүртгүүлэх үеийн байдлаар мөрдөгдөж байгаа Компанийн үйлчилгээний шимтгэлийн ерөнхий нөхцөлийг;
1.21. “ХУР систем” гэж төрийн байгууллага болон аж ахуйн нэгжүүдийг төрийн мэдээлэл солилцооны системд холбох, төрийн үйлчилгээний нэгдсэн портал болон төрийн үйлчилгээний платформоор дамжих үйлчилгээний системийг;
1.22. “Шууд бус оролцогч” гэж ББЗЗ-ийн арилжаанд оролцох хүсэлтэй бөгөөд СЗХ-ны журам болон ББЗЗ-ийн холбогдох журамд заасны дагуу Брокерт бүртгүүлсэн мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэгч болон СЗХ-ны журмын шаардлагыг хангасан хувь хүн, хуулийн этгээдийг тус тус хэлнэ.

ХОЁР. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Бид Монгол Улсын Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан Монголын Хөрөнгийн Биржийн гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлд брокерийн үйлчилгээ үзүүлэх эрх авсан үнэт цаасны компани юм.
Компани нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу Харилцагчтай энэхүү үйлчилгээний нөхцөлийн дагуу брокерийн үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохиролцсон болно.
Компани нь энэхүү үйлчилгээний нөхцөлөөр Харилцагчид брокерийн үйлчилгээ үзүүлэх, Харилцагч нь Компанийн үзүүлж буй брокерийн үйлчилгээг авахад авах, шимтгэл хураамж, хөлсийг төлөх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөнд тооцов.
Харилцагч нь дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр Компанид бүртгэл үүсгэж байгаа болно. Үүнд:

2.4.1. Харилцагч нь өөрийн санхүүгийн нөөц бололцоо, хөрөнгө оруулалтын зорилго болон эрсдэл даах чадварыг анхааралтай тооцоолсон, биржийн арилжаанд оролцохтой холбогдсон болзошгүй эрсдэлийг ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа;
2.4.2. Харилцагчийн хэрэгжүүлж буй аливаа хөрөнгө оруулалт, арилжааны шийдвэр, стратегиуд нь зөвхөн Харилцагчийн болон түүний эрх олгосон этгээдийн бие даан гаргасан хөрөнгө оруулалтын шийдвэр бөгөөд үүнтэй холбоотой эрсдэлийг Харилцагч дангаар хариуцна;
2.4.3. Харилцагч нь эрсдэлийг бүрэн ойлгоогүй нь арилжааны хэлцлийг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй бөгөөд өөрийн сонгосон арилжаатай холбогдох бүхий л эрсдэлийг хариуцна.

ГУРАВ. ХАРИЛЦАГЧИЙГ БҮРТГЭХ, БРОКЕРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ҮНДСЭН НӨХЦӨЛҮҮД

Компани нь Харилцагчид брокерийн данс нээж, бүртгэл хөтлөх ба Харилцагчийн хүсэлтийн дагуу дараах үйлчилгээг үзүүлнэ:

3.1.1. Харилцагчийн нэр дээр үнэт цаасны данс нээлгэх;
3.1.2. Компанийн нэр дээрх номинал дансанд Харилцагчийн нэр дээр төлбөр тооцооны данс нээх;
3.1.3. Харилцагчаас ирүүлсэн үнэт цаас худалдах, худалдан авах захиалгыг хүлээн авч, биелүүлэх;
3.1.4. Харилцагчийг дансны мэдээлэл болон үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн мэдээллээр хангах;

Харилцагч нь үнэт цаасны болон төлбөр тооцооны данс нээхтэй холбоотой бичиг баримтыг брокерийн өгсөн зааварчилгааны дагуу бүрдүүлэн өгөх үүрэгтэй ба ҮЦТХТ болон Арилжааны банкны холбогдох журамд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.
Харилцагч брокерийн үйлчилгээг биечлэн, утсаар болон цахим шуудан ба арилжааны систем ашиглан авах боломжтой.
Харилцагч нь брокерийн үйлчилгээг биечлэн ирж авах нөхцөлд хүчин төгөлдөр бичиг баримт буюу иргэний үнэмлэхээр өөрийгөө нотлох ба хэрэв Компани нь ХУР систем нэвтрүүлсэн нөхцөлд хурууны хээгээ уншуулан брокерийн үйлчилгээг авах боломжтой. Биечлэн захиалга өгөх, Харилцагчийн дансны мэдээлэл авах хүсэлт гаргах зэрэгт бүртгэгдсэн баталгаат гарын үсгээ ашиглана. Харилцагчийн онлайн үйлчилгээнд ашиглагдах нэвтрэх нэр, нууц үг нь Харилцагчийн баталгаат гарын үсгийн адил хүчин төгөлдөр үйлчлэх ба Харилцагчийн цахим хаяг, утасны дугаар, нууц асуулт, хариулт болон бусад баталгаажуулах хэрэгслүүд нь тухайн Харилцагчийн таних арга хэрэгсэл мөн болохыг Харилцагч зөвшөөрч байна.
Компани нь СЗХ-ноос баталсан журамд заасны дагуу Харилцагчийн захиалгыг дүрст болон дуу хоолойны бичлэгээр баталгаажуулах эрхтэй ба Харилцагчтай утсаар ярьсан ярианд бичлэг хийх, цахим захидал харилцааг хадгалах эрхтэй. Харилцагч нь үйлчилгээнд нэвтрэх нэр, нууц үг, нууц асуулт, хариулт болон бусад баталгаажуулалтын мэдээллийг мартсан, буруу оруулснаас үнэт цаасны арилжаанд оролцож чадаагүйн улмаас үүсэх аливаа хохирлыг өөрөө бүрэн хариуцна. Харилцагч нь брокерийн дансанд хадгалагдсан аливаа мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд өөрчлөлт орсон өдрөөс хойш 24 цагийн дотор Компанид бичгээр эсхүл бүртгэгдсэн цахим хаягаар мэдэгдэх үүрэг хүлээх ба тийнхүү мэдэгдээгүй тохиолдолд үүсэх аливаа эрсдэлийг дангаар хариуцна. Харилцагч нь үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрч байх үед мөрдөгдөж байгаа ҮШЕН-тэй бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрсөн болно. Харилцагч онлайн арилжааны үйлчилгээ авах тохиолдолд уг үйлчилгээний нэмэлт хураамжийг ҮШЕН-д заасны дагуу төлнө. Компани нь ҮШЕН-д нэмэлт өөрчлөлт орсон тохиолдолд өөрийн цахим хуудсанд нийтлэх ба ийнхүү мэдээлэл нийтлэгдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор Харилцагч Үйлчилгээний нөхцөлөөс татгалзах санал ирүүлээгүй тохиолдолд нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Харилцагч нь Компанийн үйлчилгээний шимтгэл, хураамжид орох нэмэлт өөрчлөлтүүдийг Компанийн цахим хуудсаар дамжуулан танилцах эсхүл өөрийн биеэр ирж танилцах үүрэг хүлээнэ.

ДӨРӨВ. НОМИНАЛ ДАНС

4.1. Компани нь өөрийн болон Харилцагчийн мөнгөн төлбөр болон үнэт цаасны шилжүүлгийн үүргийг гүйцэтгэх эрх бүхий Клирингийн шууд гишүүн бөгөөд үнэт цаасны төлбөр тооцоо гүйцэтгэх номинал данс эзэмшиж, ашиглах эрхтэй, номинал данстай этгээд болно.
4.2. Компани нь арилжааны банк дахь номинал дансанд Харилцагчийн нэр дээр төлбөр тооцооны дансыг үүсгэх ба уг дансны үлдэгдэл, Харилцагчийн шилжүүлгийн бүртгэл, мэдээллийг бусад харилцагчдынхаас тусад нь хөтөлнө.
4.3. Харилцагчийн төлбөр тооцооны дансыг үүсгэмэгц уг дансны мэдээллийг Харилцагчид өгөх ба Харилцагч нь номинал дансанд мөнгө байршуулахдаа өөрийн регистрийн дугаар болон бүртгэлтэй утасны дугаарыг гүйлгээний утга дээр бичнэ.
4.4. Харилцагч энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу үнэт цаасны төлбөр тооцоог номинал дансанд байршуулж, мөнгө хүсэх өргөдлийн дагуу номинал данснаас өөрийн нэр дээрх мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг авна.
4.5. Харилцагч нь түүний үнэт цаасны захиалгыг биелүүлж, төлбөр тооцоог гүйцэтгэсний дараа Компанийн номинал дансанд үлдсэн мөнгөн хөрөнгөд аливаа хэлбэрээр хүү тооцогдохгүй болохыг хүлээн зөвшөөрч байгаа болно.

ТАВ. ОНЛАЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Харилцагч нь Компанийн цахим хуудсанд өөрийн цахим хаягаар бүртгүүлэн нэвтрэх нэр, нууц үг, нууц асуултын талаарх мэдээллийг онлайн үйлчилгээний системд оруулах бөгөөд онлайн үйлчилгээнд бүртгүүлснээр брокерийн дансны мэдээллийг онлайнаар авах, өөрийн мэдээллийг хянах эрхтэй болох ба холбогдох төлбөр хураамжийг төлснөөр онлайн арилжааны үйлчилгээг авах боломжтой болно. Харилцагчийн хүсэлтээр онлайн үйлчилгээнд нэвтрэх нэр, нууц үгийг цахим хаягаар илгээж болно. Харилцагч Компанийн цахим хуудсаар дамжуулан онлайн арилжаанд оролцох тохиолдолд онлайн арилжааны системд бүртгүүлж, системд нэвтрэх ба ашиглах эрх авна. Харилцагч нь Компанийн цахим хуудсаар дамжин өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг оруулан нэвтэрч, онлайн үйлчилгээг авах ба Харилцагч өөрийн нэвтрэх нэр болон нууц үгийг 3 удаа буруу оруулсан тохиолдолд брокер нь Харилцагчийн онлайн үйлчилгээний эрхийг автоматаар идэвхгүй болгох эрхтэй. Харилцагчийн онлайн үйлчилгээний эрх идэвхгүй болсон нөхцөлд Харилцагч нь брокерийн санал болгосон боломжит арга, хэлбэрээр нэвтрэх эрхээ идэвхжүүлнэ. Харилцагч нь нэвтрэх нууц үгээ мартсан тохиолдолд бүртгүүлсэн цахим хаягаар нууц үгээ шинээр үүсгэн авна.
Харилцагч нь онлайн үйлчилгээний аюулгүй байдлыг хангахтай холбоотой дараах үүрэг хүлээнэ:

5.7.1. Онлайнаар нэвтрэх нэр, нууц үгийг бусдад дамжуулахгүй байх бөгөөд нууцлалыг бие даан хариуцах;
5.7.2. Онлайн үйлчилгээнд нэвтрэхдээ интернэтийн шугам, ашиглаж буй компьютер, гар утас, таблет болон бусад адилтгах төхөөрөмжийн аюулгүй байдлыг ханган ажиллаж, мэдээллийн нууцлал болон аюулгүй байдлыг бие даан хариуцах;
5.7.3. Онлайн үйлчилгээнд холбогдоход нийтийн сүлжээ, төхөөрөмжийг ашиглахгүй байх;
5.7.4. Онлайн үйлчилгээг ашиглаж дууссан даруйдаа программаас бүрэн гарч байх, энэ үүргийг биелүүлээгүйн улмаас үүдэн гарах хохирлыг хариуцах;
5.7.5. Гуравдагч этгээдэд онлайн үйлчилгээ авах болон онлайн арилжаанд оролцох эрхээ шилжүүлэхгүй байх, энэ үүргээ зөрчсөнөөс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээх;
5.7.6. Компани Харилцагчийн онлайн үйлчилгээнд нэвтрэх нэр, нууц үгийн талаарх мэдээллийг авах шаардлагыг Харилцагчид хэзээ ч тавихгүй тул Компанитай ижил төсөөтэй нэр, цахим хаягаас хандаж байгаа аливаа хүсэлтийг хүлээж авахгүй байх.
Харилцагч онлайн үйлчилгээтэй холбоотой дараах эрх эдэлнэ:
5.8.1. Онлайн арилжааны эрхийн хугацааг сунгах тухай хүсэлтээ онлайнаар гаргах;
5.8.2. Онлайн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг Компанид гаргах;
5.8.3. Онлайн арилжааны эрхийг бичгээр эсвэл онлайнаар хүсэлт гаргах замаар хугацаанаас нь өмнө хэдийд ч цуцлах (энэ тохиолдолд өмнө нь төлсөн хураамжийг Компани буцаан олгохгүй).

Харилцагчид хохирол учирч болзошгүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд Компани нь Харилцагчийн онлайн арилжааны эрхийг зогсоох эрхтэй ба энэ тухай Харилцагчийн бүртгэлтэй утасны дугаар болон цахим хаягаар нэн даруй мэдэгдэнэ.

ЗУРГАА. БИРЖИЙН БУС ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА

6.1. Харилцагч нь ББЗЗ-ийн арилжаанд оролцох тохиолдолд шууд бус оролцогчийн шаардлагыг хангаж байгаа эсэх талаар нотлох баримтаа Компанид гаргаж, бүртгүүлсний үндсэн дээр арилжаанд оролцох эрхтэй болно.
6.2. Харилцагч нь энэхүү үйлчилгээний нөхцөлийн 8.11-8.13-д заасны аль нэг хэлбэрийн дагуу захиалгаа өгнө.
6.3. Харилцагч нь ББЗЗ-ийн арилжаанд оролцох, түүнээс үүдэн гарах эрсдэлээ өөрөө бүрэн хариуцахаа илэрхийлсэн мэдэгдэл, баталгааг бичгээр гаргах бөгөөд арилжаатай холбоотой аливаа эрсдэлд Компани хариуцлага хүлээхгүй болно.
6.4. Хэрэв Харилцагч нь шууд бус оролцогчийн шаардлагыг хангахгүй болсон тохиолдолд нэн даруй Компанид мэдэгдэнэ.
6.5. Харилцагч шууд бус оролцогчийн шаардлагыг цаашид хангахгүй болсон нь тэдгээрийн эзэмшиж буй үнэт цаасыг биржийн бус зах зээлд худалдах эрхийг хязгаарлахгүй.
6.6. Харилцагч нь шууд бус оролцогчоор бүртгүүлснээр МҮЦАЭХ болон СЗХ-ноос баталсан дүрэм, журамд заасан эрх, үүргийг эдэлнэ.
6.7. Компани нь шууд бус оролцогчоор бүртгүүлсэн Харилцагчийн бүртгэлийг холбогдох эрх бүхий этгээдэд тухай бүр хүргүүлнэ.
6.8. Брокер нь ББЗЗ-ийн харилцаанд СЗХ болон МҮЦАЭХ-ноос баталсан ББЗЗ-ийн холбогдох журмуудад заасан эрх үүргийг эдэлнэ.

ДОЛОО. УТАС, ЦАХИМ ХАЯГААР ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ НӨХЦӨЛ

7.1. Харилцагч нь брокерийн данс нээлгэхдээ өөрийн цахим хаяг, утасны дугаар, 2 нууц асуулт болон хариултыг өгч бүртгүүлэх бөгөөд утсаар арилжааны захиалга өгөх болон Харилцагчийн дансны мэдээлэл авах, өөрчлөхдөө эдгээр нууц асуулт, хариултыг ашиглан өөрийгөө нотолно.
7.2. Харилцагч зөвхөн бүртгэлтэй утаснаас холбогдож, нууц асуултын хариултыг зөв хэлсэн тохиолдолд Компани нь брокерийн үйлчилгээ үзүүлнэ.
7.3. Харилцагч бүртгэлтэй утасны дугаараас өөр дугаараар холбогдсон эсхүл 2 нууц асуултад буруу хариулсан тохиолдолд тохиолдолд Компани үйлчилгээ үзүүлэхээс татгалзана.
7.4. Харилцагч нь өөрийн бүртгэлтэй утасны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 7.1-д зааснаар өөрийгөө нотолсны үндсэн дээр бүртгэлтэй утасны мэдээллийг шинэчлүүлнэ.
7.5. Харилцагч өөрийн бүртгүүлсэн цахим хаягаар Компанитай харилцан, арилжааны захиалга өгөхөөс бусад брокерийн үйлчилгээг авах боломжтой байна.
7.6. Компани нь Харилцагчийг зөвхөн бүртгэлтэй цахим хаягаас холбогдсон тохиолдолд брокерийн үйлчилгээ үзүүлнэ.
7.7. Харилцагч өөрийн цахим хаягийн нууцлал, мэдээллийн аюулгүй байдлыг хариуцах ба нэвтрэх нууц үг болон нууц мэдээллийг бусдад задруулахгүй байх үүрэг хүлээнэ.
7.8. Компани нь Харилцагчийн бүртгэлтэй цахим хаягаар ирүүлсэн хүсэлтийг Харилцагчаас ирсэн гэж үзэх ба Харилцагч өөрийн цахим хаягийн мэдээллийг алдсаны улмаас учрах аливаа эрсдэл, хариуцлагыг өөрөө бие даан хариуцна.
7.9. Харилцагч нь өөрийн бүртгэлтэй цахим хаяг өөрчлөгдсөн тохиолдолд Компанид бичгээр эсвэл онлайнаар мэдэгдэж, мэдээллийг шинэчлүүлнэ.

НАЙМ. ҮНЭТ ЦААСНЫ ЗАХИАЛГА

8.1. Харилцагч нь биечлэн эсвэл бүртгэлтэй утсаараа Брокерт захиалгаа өгөх замаар эсвэл Компанийн онлайн арилжааны системээр дамжуулан МХБ-ийн үнэт цаасны арилжаанд оролцоно.
8.2. Харилцагч нь үнэт цаас худалдан авахын тулд захиалгыг биелүүлэхэд хангалттай (үүнд Компанийн болон арилжааны банкны шимтгэл багтсан байх) мөнгийг номинал дансанд урьдчилан байршуулсан байна.
8.3. Номинал данс дахь харилцагчийн төлбөр тооцооны дансны боломжит үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд захиалгыг хүлээн авахгүй.
8.4. Компанийн Гүйцэтгэх захирал тушаал гарган баталсан тохиолдолд Харилцагч уг тушаалаар тогтоосон маржинг үнэт цаасны захиалга өгөх үедээ байршуулах замаар үнэт цаасны захиалга өгөх боломжтой бөгөөд үнэт цаасны үлдэгдэл төлбөрийг брокерийн өгсөн зааварчилгааны дагуу
Т+2 өдрийн 9 цагаас өмнө номинал дансанд байршуулсан байна. Харилцагчийн захиалгыг зөвхөн МХБ-ийн зөвшөөрөгдсөн арилжааны цагаар биржийн систем рүү дамжуулна.
8.5. Харилцагч нь үйлчилгээний нөхцөлийн 8.11-8.13-д заасан сувгуудаар үнэт цаас худалдах, худалдан авах захиалга өгөх ба захиалга хүчин төгөлдөр байх хугацаа нь захиалгын хэлбэр болон МХБ-ийн дүрэм, журамд зааснаар тогтоогдоно.
8.6. Харилцагч захиалга өгөхдөө зах зээлийн ба нөхцөлт захиалга өгч болох ба дараах мэдээллийг нарийвчлан тусгана. Үүнд:
8.6.1. Зах зээлийн захиалга өгөх тохиолдолд захиалга үргэлжлэх хугацааг сонгохгүй бөгөөд МХБ-ийн захиалгын санд байгаа худалдах, худалдан авах боломжтой, эсхүл ямар нэг хязгаарлалтгүй хувьцааг сонгоно.
8.6.2. Нөхцөлт захиалга өгөхдөө тухайн худалдаж авах үнэт цаас, түүний тоо ширхэг, үнэ, захиалга үргэлжлэх хугацааг тодорхой заана.
8.7. Харилцагч нь захиалгыг зөвхөн биелэгдэхээс нь өмнө буюу арилжаа хийгдэхээс өмнө цуцлах, өөрчлөлт оруулах боломжтой.
8.8. Харилцагчийн үнэт цаас худалдах, худалдан авах зах зээлийн захиалгын ханш нь тухайн үнэт цаасны хаалтын ханшаас эрх бүхий байгууллагын тогтоосон хувиас хэтэрсэн тохиолдолд Компани тухайн захиалгыг хүлээж авахгүй.
8.9. Хэрэв брокерт ирүүлсэн захиалгыг Харилцагч өөрөө эсвэл түүний эрх олгосон этгээд өгөөгүй гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээ бий болсон тохиолдолд Компани нь захиалга биелүүлэх ажиллагааг түдгэлзүүлж, Харилцагчийг таних нэмэлт ажиллагааг цаг алдалгүй хийх эрхтэй байна.
8.10. Харилцагч нь уг нэмэлт таних ажиллагаа хийхийг зөвшөөрч, Компаниас шаардсан нэмэлт мэдээллийг өгч, арга хэмжээг авах бөгөөд тухайн Харилцагчийг мөн болохыг баталгаажуулах хүртэл үнэт цаасны захиалга, хүсэлтийг биелүүлэхгүй байх эрхтэй. Компани нь ийнхүү түдгэлзүүлснээс үүдэн гарсан хохирлыг хариуцахгүй.
8.11. Харилцагч захиалгаа биечлэн өгөх. Харилцагч өөрийн биеэр захиалга өгөх тохиолдолд иргэний хүчин төгөлдөр бичиг баримттайгаа ирж, захиалгын баримтад бүртгүүлсэн баталгаат гарын үсгээ зурж, захиалга өгнө.
8.12. Харилцагч утсаар захиалга өгөх. Харилцагч нь үйлчилгээний нөхцөлийн 7.1-д заасны дагуу утсаар холбогдож, нууц асуултад зөв хариулан захиалга өгч болно.
8.13. Харилцагч онлайн арилжааны системээр захиалга өгөх. Харилцагч зохих төлбөрийг төлж онлайн арилжааны эрх нээлгүүлэн, Компанийн онлайн арилжааны системд нэвтрэн арилжааны захиалга өгнө.
8.14. Компани нь Харилцагчийн үнэт цаасны захиалгатай холбоотой дараах эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:
8.14.1. Үнэт цаасны ханшид зохиомлоор нөлөөлөх, зах зээлийг урвуулан ашиглаж болзошгүй, түүнчлэн Монгол Улсын болон гадаад улсын холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрийг зөрчсөн захиалгыг хүлээн авахаас татгалзах;
8.14.2. Харилцагчийн өгсөн захиалга нь МХБ дээр нэгэнт биелсэн тохиолдолд Харилцагчийн захиалга цуцлах, захиалгад өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзах;
8.14.3. Харилцагчийн үнэт цаасны арилжаа тутамд ҮШЕН-д заасны дагуу холбогдох шимтгэл, хураамжийг төлбөр тооцооны данснаас төлүүлэх;
8.14.4. Харилцагчийн нэвтрэх нэр, нууц үгээ ашиглан онлайн арилжааны системээр өгсөн захиалгыг Харилцагчийн Компанид өгсөн гарын үсгийн маягтын дагуу баталгаажуулсан захиалгын нэгэн адил хүчин төгөлдөр гэж үзэх;
8.15. Компани нь Харилцагчийн үнэт цаасны захиалгатай холбоотой дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
8.15.1. Захиалгын биелэлттэй холбоотой мэдээллийг эргэн мэдэгдэх;
8.15.2. Онлайн арилжааны захиалгын мэдээллийг хэвлэх боломжтой байдлаар хадгалах;
8.16. Үнэт цаасны арилжааны захиалгын мэдээлэл нь Харилцагчийн буруугаас үүдэн алдаатай, буруу бичигдсэнээс үүдэн гарах хохирлыг Компани хариуцахгүй.
8.17. Онлайн арилжаа хийсэн Харилцагчийн интернэт үйлчилгээ нийлүүлэгч байгууллага болон үүрэн телефон операторын буруутай үйл ажиллагаа болон Харилцагч цахим хуудсанд холбогдоход сүлжээний саатал, шилжүүлгийг хүлээн авах банкны үйл ажиллагааны доголдол, эсхүл Харилцагчийн холбогдож буй компьютер, гар утсанд байрлаж буй программ, вирус зэргээс үүдэн Харилцагчид үүссэн аливаа хохирлыг Компани хариуцахгүй.
8.18. Харилцагч нь үнэт цаасны захиалгатай холбоотой дараах эрхийг эдэлнэ. Үүнд:
8.18.1. Захиалга өгөхдөө үйлчилгээний нөхцөлийн 8.11-8.13-д заасан боломжит сувгуудаас сонгох;
8.18.2. Өөрийн брокерийн дансны шинжилгээ, график шинжилгээний мэдээллийг авах;
8.19. Харилцагч нь үнэт цаасны захиалгатай холбоотой дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
8.19.1. Үнэт цаас худалдан авах мөнгөн хөрөнгөө төлбөр тооцооны дансанд урьдчилан байршуулах;
8.19.2. Холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн захиалга өгөхгүй байх, өгснөөс үүдэн гарах хариуцлагыг бие даан хүлээх;
8.19.3. Онлайн арилжааны системээр өгөх үнэт цаас худалдах, худалдан авах захиалгаа үнэн зөв бөглөх бөгөөд тус захиалгын үнэн зөв байдлыг өөрөө хариуцах;
8.19.4. Онлайн арилжааны системээр өгсөн захиалгын биелэлтийг тухай бүр хуулгатай тулган шалгах.
8.20. Харилцагч нь онлайнаар үнэт цаасны нэр, захиалгын төрөл, нөхцөл хугацаа, тоо ширхэг, үнэ гэх мэт захиалгатай холбоотой мэдээллүүдийг алдаатай оруулсан бол нэн даруй захиалга өөрчлөх хэлбэрээр засварыг оруулах ба засвар хийгдэхээс өмнө үндсэн захиалга биелэгдсэн байж болохыг анхаарна.
8.21. Харилцагч захиалгыг өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан өгч болох бөгөөд энэ тохиолдолд хууль зүйн хүчин төгөлдөр итгэмжлэлийг Компанид урьдчилан ирүүлсэн байна.
8.22. Компани нь үйлчилгээний нөхцөлийн 8.14.1-д заасан үндэслэлээр захиалгыг биелүүлэхээс татгалзах эрхтэй боловч тухайн захиалгыг биелүүлсэн нөхцөлд үүсэх үр дагаврыг Харилцагч дангаар хариуцна.
8.23. Харилцагч нь залилах, хууран мэхлэх болон бусад хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа тухай эсхүл эд хөрөнгийн болон эрх зүйн чадваргүй болсон талаар үндэслэл бүхий эргэлзээ бий болсон, Харилцагчийн үнэт цаасны данстай холбоотой маргаан үүссэн талаарх мэдээлэл авсан тохиолдолд Компани нь Харилцагчийн дансны мөнгөн хөрөнгийн зарлагын гүйлгээ болон үнэт цаасны арилжааг хязгаарлах эрхтэй байна.
8.24. Компани нь энэхүү үйлчилгээний нөхцөлд тусгасан үндэслэлээр үнэт цаасны захиалга биелүүлэхээс татгалзсан, арилжаа болон мөнгөн хөрөнгийн зарлагын гүйлгээг хязгаарласан тохиолдолд Харилцагч нь үүнээс үүдэн учирсан хохирлыг дангаар хариуцах ба Компани нь Харилцагч болон аливаа гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй.
8.25. Компани нь захиалга биелэгдэхэд үнэт цаасны нэр, код, хэлцэл хийгдсэн өдөр, үнэ, хэмжээ, шимтгэлийн хэмжээ, татварын талаарх мэдээллийг Үйлчилгээний нөхцөлд заасан арга хэлбэрээр нэн даруй Харилцагчид мэдэгдэнэ.

ЕС. ХАРИЛЦАГЧИЙН МӨНГӨ ХҮСЭХ ӨРГӨДӨЛ

9.1. Компанийн номинал данс дахь Харилцагчийн төлбөр тооцооны дансны мөнгөн хөрөнгө нь зөвхөн үнэт цаасны арилжаанд ашиглагдах ба Компаниар дамжуулан “мөнгө хүсэх өргөдөл” гаргаснаар арилжааны банкин дахь зөвхөн өөрийн нэр дээрх данс руу шилжүүлэн авах эрхтэй байна.
9.2. Мөнгө хүсэх өргөдлөөр өөр төрлийн валютын данс руу шилжүүлэг хийгдэх бол арилжааны банкны зарласан валютын ханшаар тооцно.
9.3. Харилцагч нь мөнгө хүссэн өргөдлийг Компанид өөрийн биеэр болон онлайнаар өгч болно. Үүнд:
9.3.1. Өөрийн биеэр авчирч өгөх тохиолдолд хүчин төгөлдөр бичиг баримттайгаар Компани дээр ирж баталгаат гарын үсгийг зурна.
9.3.2. Харилцагч онлайнаар гаргах өргөдлөө арилжааны системд нэвтрэн хэдийд ч илгээх эрхтэй бөгөөд Компани нь ажлын өдөр, ажлын цагт хүсэлтийг хүлээн авч биелүүлнэ.
9.4. Компани мөнгө хүсэх өргөдөлтэй холбоотой дараах тусгай эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ. Үүнд:
9.4.1. Харилцагчийн төлбөр тооцооны дансны боломжит үлдэгдэл нь хүрэлцэхгүй болон мөнгө хүсэх өргөдөлд дурдагдсан банкны дансанд шилжүүлэхэд шаардлагатай гүйлгээний хураамжийг төлөх үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд мөнгө хүсэх өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй.
9.4.2. Харилцагчийн онлайнаар илгээсэн мөнгө хүсэх өргөдөл нь алдаатай эсвэл боломжит үлдэгдэл хүрэлцэхгүй бол хүсэлтийг цуцлах эрхтэй.
9.4.3. Төлбөр тооцооны данс дахь үлдэгдлийн лавлагааг хянаж нягталсны үндсэн дээр мөнгө хүсэх өргөдлийг хүлээн авах үүрэгтэй.
9.4.4. Онлайн үйлчилгээг ашиглан мөнгө хүсэх өргөдөл илгээх заавар, зөвлөмж өгөх үүрэгтэй.
9.4.5. Мөнгө хүсэх өргөдлөөр авч болох боломжит үлдэгдлийн талаар мэдээлэл өгөх үүрэгтэй.
9.5. Харилцагч нь мөнгө хүсэх өргөдөлтэй холбоотой дараах эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ. Үүнд:
9.5.1. Онлайнаар явуулсан мөнгө хүсэх өргөдлийг брокер биелүүлэхээс өмнө цуцлах эрхтэй.
9.5.2. Мөнгөн хөрөнгийн үлдэгдэл, орлого, зарлагын мэдээллийг Компаниас гаргуулан авах эрхтэй.
9.5.3. Онлайнаар мөнгө хүсэх өргөдөл гаргахдаа энэхүү үйлчилгээний нөхцөлийн 9.4.4-т заасан заавар, зөвлөмжийн дагуу өргөдлийг үнэн зөв бөглөн илгээх үүрэгтэй.
9.5.4. Харилцагч нь мөнгө хүсэх өргөдлөөр мөнгөн хөрөнгөө бэлэн бусаар шилжүүлэн авах тохиолдолд өөрийн арилжааны дансны дугаар, мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах бөгөөд дансны нэр, дугаар зөрснөөс үүдэлтэй хохирлыг бие даан хариуцна.

АРАВ. ХАРИЛЦАГЧИЙН ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛ, ҮНЭТ ЦААС, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ

10.1. Харилцагч өөрийн Харилцагчийн дансны мэдээллийг үйлчилгээний нөхцөлд заасны дагуу өөрийн биеэр, утсаар, цахим хаягаар, онлайнаар авах эрхтэй байна.
10.2. Харилцагч өөрийн Харилцагчийн дансны мэдээлэлд тусгагдсан асуудлаар Компаниас тодорхойлолт авах хүсэлтийг хэдийд ч гаргаж болох бөгөөд Компани нь уг хүсэлтийг ажлын өдрийн ажлын цагт багтаан 2 цагийн дотор шийдвэрлэж, Харилцагчид бичгээр тодорхойлолт гарган өгнө. Харилцагч тодорхойлолтыг биечлэн, шуудангаар, болон цахим хаягаар авах эрхтэй бөгөөд шуудангаар авах тохиолдолд холбогдох зардлыг Харилцагч дангаар хариуцна.
10.3. Компани нь Харилцагчид үнэт цаасны арилжаанд оролцох шийдвэр гаргахад шаардлагатай дараах мэдээллийг гарган өгнө. Үүнд:
10.3.1. Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас гаргасан мэдээнд тусгагдсанаар үнэт цаасны сүүлийн зургаан сарын арилжааны идэвх, үнэ, ханш, арилжаатай холбоотой нийтэд мэдээлэхийг хууль тогтоомжоор хориглоогүй бусад мэдээ;
10.3.2. Үнэт цаас гаргагчийн хаяг, ерөнхий болон санхүүгийн байдлын талаарх мэдээлэл /Үүнд: тухайн үнэт цаас гаргагчаас нийтэд мэдээлэхээр заасан санхүүгийн мэдээллүүд хамаарна/;
10.3.3. Нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад зах зээлийн болон үнэт цаасны мэдээлэл.
10.4. Компани нь Харилцагчийн хүсэлтийн дагуу зөвхөн дээрх мэдээллүүдийг өгөх бөгөөд үнэт цаас худалдах, худалдан авах, хөрөнгө оруулалтын шийдвэр, стратеги гаргахтай холбоотой аливаа санал, зөвлөгөө өгөхгүй.

АРВАН НЭГ. НУУЦЛАЛ

11.1. Компани нь Харилцагчийн мэдээллийг нууцлалын бодлогод заасны дагуу хадгалж хамгаална.
11.2. Төрийн эрх бүхий байгууллага хууль ёсны дагуу шаардсанаас бусад тохиолдолд Компани нь Харилцагчийн мэдээллийг задруулахгүй, дамжуулахгүй байх үүрэгтэй. Эрх бүхий байгууллага Харилцагчид мэдэгдэхийг хориглосноос бусад тохиолдолд Компани нь эрх бүхий байгууллагын шаардлагын талаар Харилцагчид мэдэгдэнэ.
11.3. Компани нь Харилцагчийн нууцад хамаарах мэдээлэл, бичиг баримтыг хувийн зорилгоор ашиглахгүй байх үүрэгтэй.

АРВАН ХОЁР. ХАРИУЦЛАГА

12.1. Харилцагч эсвэл Компани үйлчилгээний нөхцөлд тусгагдсан заалтуудыг зөрчсөний улмаас нөгөө талдаа бодит хохирол учруулсан тохиолдолд уг хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.
12.2. Харилцагч залилан мэхлэх болон үйлчилгээний нөхцөлд тусгагдсан бусад үүргээ зөрчин Компанид хохирол учруулсан тохиолдолд учирсан бүх хохирлыг Харилцагчийн данс дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлнэ.
12.3. Компанийн буруугаас үл хамааран брокерийн үйлчилгээ саатсан тохиолдолд Компани хариуцлага хүлээхгүй.
12.4. Харилцагч үйлчилгээ авахаа зогсоох хүсэлт гаргаж, Компани шийдвэрлэснээс бусад тохиолдолд үйлчилгээний нөхцөл дэх зохицуулалт нь хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
12.5. Харилцагч энэхүү үйлчилгээний нөхцөлд тусгагдсан үүргээ биелүүлээгүйн улмаас Компанид болон гуравдагч этгээдэд санаатай болон болгоомжгүй байдлаар хохирол учруулсан тохиолдолд уг хохирлыг бүрэн хариуцан арилгах үүрэгтэй.

АРВАН ГУРАВ. БАТАЛГАА

13.1. Харилцагч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан бүхий л эрх, үүргийг биелүүлэх эрх зүйн чадамжтай болохыг баталж байна.
13.2. Харилцагчаас Компанид өгсөн түүний талаарх бүхий л мэдээлэл нь үнэн зөв болохыг баталж байна.
13.3. Харилцагч нь төлбөр тооцооны данс дахь мөнгөн хөрөнгөтэй холбоотой дараах баталгааг өгч байна:
13.3.1. эх үүсвэр нь хууль ёсны дагуу бүрдсэн;
13.3.2. зөвхөн үнэт цаасны зах зээлд оролцох зорилготой;
13.3.3. Харилцагч нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагааг дэмждэггүй, санхүүжүүлдэггүй;
13.3.4. мөнгөн хөрөнгө нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанд зарцуулагдахгүй, аливаа хэлбэрээр хамааралгүй болохыг баталж байна.
13.4. Харилцагч үнэт цаасны төлбөрийг 100 хувь байршуулсны үндсэн дээр арилжааны захиалга өгөх ба өөрийн үнэт цаасны арилжааны төлбөр тооцоог өөрөө дангаараа бүрэн хариуцахаа баталж байна.

АРВАН ДӨРӨВ. ҮЙЛЧИЛГЭЭ ДУУСГАВАР БОЛОХ, ДАНС ХААХ

14.1. Энэхүү үйлчилгээний нөхцөл дараах үндэслэлээр дуусгавар болсонд тооцогдоно. Үүнд:
14.1.1. Хоёр тал үйлчилгээг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон, брокерийн үйлчилгээний гэрээ цуцлагдсан;
14.1.2. Компани нь МХБ-ийн гишүүн биш болсон;
14.1.3. Харилцагч эрх зүйн чадамжгүй болсон, нас барсан болон бусад байдлаар үнэт цаасны захиалгын биелэлтийг хангах, төлбөр төлөх боломжгүй болсон;
14.1.4. Аль нэг тал үйлчилгээг дуусгавар болгох тухай мэдэгдлийг нөгөө талдаа хүргүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн;
14.1.5. Аль нэг тал нь үйлчилгээний нөхцөлд тусгагдсан үүргээ ноцтой зөрчсөн тохиолдолд нөгөө тал нь зөрчил гаргасан талд мэдэгдэл өгснөөс хойш ажлын 5 хоног өнгөрсөн;
14.2. Үйлчилгээ цуцлагдах, дуусгавар болохоос өмнө хийсэн арилжаа, хэлцэлтэй холбогдох эрх үүргүүд нь үйлчилгээг дуусгавар болгосноос үл хамааран талууд болон тэдгээрийн эрх залгамжлагч, өв залгамжлагчдын хувьд хүчин төгөлдөр байна.
14.3. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн 14.1.1, 14.1.2, 14.1.4, 14.1.5-д заасан үйлчилгээ дуусгавар болох үндэслэл бий болсон тохиолдолд Харилцагч нь үйлчилгээний нөхцөлд заасан ҮШЕН болон бусад холбогдох тооцоог төлж барагдуулсны дараа харилцагчтай байгуулсан гэрээг дуусгавар болсонд тооцно.
14.4. Үйлчилгээ дуусгавар болсон нөхцөлд үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бүртгэх үйл ажиллагааны журамд заасны дагуу Харилцагч өөрийн үнэт цаасны данс дахь үлдэгдлээ өөр брокер дилерийн компанийн дансанд шилжүүлэх тухай хүсэлтийг ҮЦТХТ-д гаргаж, холбогдох үйлчилгээний хураамжийг төлөх замаар үнэт цаасыг шилжүүлэх ба ийнхүү шилжүүлэх хүртэл Компани нь Харилцагчийн брокерийн дансны аливаа гүйлгээг зогсооно.
14.5. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн 14.1.3-т заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд Компани нь Харилцагчийн арилжааг зогсоож, өөрт учирсан хохирол, зардал, үйлчилгээний хөлс, шимтгэлийг Харилцагчийн данс дахь мөнгөн хөрөнгөөс гарган авна. Харилцагчийн өв залгамжлагч нь Харилцагчийн данс дахь үлдсэн мөнгөн хөрөнгө болон үнэт цаасыг өөрийн дансанд шилжүүлэн авах эрхтэй байна.
14.6. Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 14.1.5-т заасны улмаас Харилцагчтай байгуулсан брокерийн үйлчилгээний гэрээг цуцлах тохиолдолд Компани нь харилцагчийн брокерийн данс болон брокерийн үйлчилгээний эрхийг хааж, холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдэх эрхтэй ба өөрт учирсан хохирол, зардал, үйлчилгээний хөлс, шимтгэлийг Харилцагчийн данс дахь мөнгөн хөрөнгөөс гарган авна.
14.7. Харилцагч брокерийн үйлчилгээтэй холбоотой аливаа өр төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд тухайн төлбөрийг барагдуулж дуусах хүртэл дансанд битүүмж тавьж, барагдуулж дууссан өдрөөр Харилцагчтай байгуулсан брокерийн үйлчилгээний гэрээний хугацааг дуусгавар болсонд тооцон Харилцагчийн дансыг хаана.