2023-11-29

Л.Билгүүн: Технологийн компанийн IPO маш том боломжийг авчирдаг

Банк, санхүү, худалдаа, үйлчилгээний салбарт QPay үйлчилгээг санал болгож буй “Инновэйшн Инвестмент” ХХК нь олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох талаараа зарлаад буй. Тэгвэл олон нийтэд санал болгож буй үнэт цаасны онцлог, давуу талуудын талаар Андеррайтер компаниар ажиллаж буй Инвескор Капитал ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Л.Билгүүнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

– Монгол Улсын хөрөнгийн зах зээлд шинээр мэндэлж буй “Инновэйшн Инвестмент” ХХК-ийн IPO онцлогийг та товчхон тайлбарлаж өгнө үү.

Та бидний мэддэг QPay төлбөр тооцооны систем нь Монгол Улсын бүх иргэн хэрэглэдэг Монгол залуучуудын маань ур чадвараас бүтсэн төлбөр тооцооны инновацлаг, хялбар, түргэн, шуурхай үйлчилгээ. Мөн биднийг олон улсын төлбөр тооцооны дараагийн шатанд авчирснаараа бусдаас онцлог юм. Саяхан л бид бэлэн мөнгөөр төлбөр, тооцоо хийдэг байсан бол АТМ гүйлгээ, картын гүйлгээ, пос терминал, мобайл гүйлгээ, NFC гээд дараагийн шатандаа дижитал цахим гүйлгээ, дижитал хэтэвч болж шинэ үе рүү шилжсээр байна. Монгол инженерүүдийн мэдээлэл технологи, инновацын шийдлүүдийг дотоодод гэлтгүй олон улсад хүлээн зөвшөөрч эхлээд байгаа энэ үед бид бэлэн бус төлбөр, тооцоо гэх маш том зах зээлд амжилттай яваа “Инновэйшн Инвестмент ХХК”-иа олон нийтийн компани болгож, Монголчуудтайгаа үр шимээ хуваалцах гэж байгаад бид таатай хүлээж авч итгэл төгс дэмжин ажиллаж байна.

– Монгол Улсын бэлэн бус төлбөр тооцооны зах зээлийг Та цаашид юу гэж дүгнэж байгаа вэ? Энэхүү зах зээлд “Инновэйшн Инвестмент”-ийн хувьд ямар боломж байгаа вэ?

Монгол Улсын бэлэн бус гүйлгээний дүн 500 их наяд төгрөг байгаа бөгөөд үүнээс QPay үйлчилгээгээр 5 их наяд төгрөгийн гүйлгээ хийгдээд байгаа нь тэдэнд маш том орон зай, боломжууд байгааг харуулж байгаа юм. Дэлхийн бэлэн бус төлбөр тооцооны дижитал төлбөр тооцоо, цахим мөнгөний гүйлгээний зах зээлийн хувь 2016 онд 8.8%, 2020 онд 14.5%, 2023 оны байдлаар 20 орчим хувийг эзэлж өсөлт үзүүлсээр байгаа нь дэлхийн төлбөр тооцооны зах зээлийн тренд нь өөрөө энэ хэсэг рүү шилжээд байгааг илтгэж байна шүү дээ. Тэгэхээр QPay үйлчилгээ нь өдөр тутмын хэрэглээнд улам илүү нэвтэрч, бэлэн бус гүйлгээний салшгүй нэг хэсэг болон хөгжүүлэхэд тэдэнд хязгааргүй их боломжууд байна гэж харж байна.

– Олон улсын зах зээлд QPay үйлчилгээг нэвтрүүлнэ гэж ойлгосон. Энэхүү үйлчилгээг нээлттэй хүлээн авах зэх зээл, мөн “Инновэйшн Инвестмент”-ийн санхүү, технологи, хүний нөөц зэрэг нь олон улсад ажиллахад бэлэн гэж харж байгаа юу?

Тиймээ, Та QPay үйлчилгээгээр Wechat-н төлбөр тооцоогоо хийж, хүлээн авах боломжтой байгаа, тун удахгүй бас Ali pay төлбөр тооцоонд нэгдэхээр ажиллаж байгаа. Амжилттай болно гэж найдаж байна. Анхны хөрөнгө оруулагчдын нэг “Юнимедиа Солюшнс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Хосокава Масахикогийн хэлсэнчлэн Япон улсад QPay үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа тухай мэдэгдэж байсан. Түүнчлэн тэдний дунд хугацааны төлөвлөгөөнд 2026 онд Сингапур болон Япон улсад FPO буюу нэмэлт хувьцаагаа гаргахаар зорьж байгаа нь сайшаалтай хэрэг юм. Ур чадварын хувьд анхны үүсгэн байгуулагчид болох Даваа, Чулуунсүх нар зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд Инновэйшн Инвестмент ХХК-ийн чадварлаг залуучууд үүнийг хийж чадсан учраас цаашид ч улам илүүг хийж чадна гэдэгт итгэлтэй байна.

– Одоогийн хувьцаа эзэмшигчдийн хувьд ямар бүрэлдэхүүнтэй байгаа вэ? Технологи, санхүү, төлбөр тооцооны хөрөнгө оруулалтын туршлагатай хүмүүс байгаа юу?

Тиймээ,

– Глобал Траст Нетворкс ХК, НОБ ХХК, Рентракс ХК зэрэг японы хөрөнгө оруулалтын зөвлөх компани, Шоичиро Ичитани, Масанори Окоши, Такахиро Ичики гэсэн Япон улсын иргэд;
– Ай Си Ти Групп ХК болон Могул ХХК зэрэг Монголын IT-н туршлагатай тэргүүлэгч компаниуд;
– Айкор Партнерс ХХК болон Юнимедиа Солюшнс ХХК санхүү, хөрөнгө оруулалтын компани;
– Ч.Нарангэрэл, Д.Даваа, Б.Чулуунсүх, Ш.Эрдэнэбилэг, М.Мөнбаяр зэрэг санхүү, IT салбарын хувь хүмүүс байна.

Мөн ККТТ ХХК буюу Инновэйшн Инвестмент ХХК-ийн охин компанийн хувь эзэмшил байгаагаа одоо олон нийтэд гаргаж байгаа.

Дээрх хувьцаа эзэмшигчдийн хувьд санхүү, хөрөнгө оруулалт, IT салбарын мэргэжлийн туршлагатай төлөөллүүд аль хэдийн QPay үйлчилгээний боломжийг харж дэмжин ажилласан. Мөн “Инвескор Санхүүгийн Групп”-ийн хувьд бид уг зах зээлд боломж, давуу тал байгааг харж, холбоотой компани болох Айкор Партнерс ХХК-иараа аль хэдийн хөрөнгө оруулалтыг хийн хувь эзэмшиж байна.

– Андеррайтер компанийн Гүйцэтгэх захирлын хувьд та хөрөнгө оруулагчдад хандаж юу гэж зөвлөх вэ?

Инновэйшн Инвестмент ХХК-ийн хувьд чадварлаг, инновацлаг, хялбар төгс шийдлүүдийг нэвтрүүлж байгаа мөн өсөн дэвжих, маш том зах зээл байгаа, бэлэн бус төлбөр тооцооны зах зээлийн тренд ч үүн рүү хөтөлж байгаа учраас бид итгэж байна. Харин хувьцааны хөрөнгө оруулалтыг багаар олон удаа хуримтлал зорилгоор цуглуулах, эсвэл богино хугацаанд ашиг хийх зорилгоор бус урт хугацааны хөрөнгө оруулалт гэж харахыг хүсье. Хамгийн багадаа 2 жил хадгалж байж үр өгөөжийг хүртэж эхэлдэг.

Мөн хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа 2023.12.04 – 12.08-ны хооронд Монголын Хөрөнгийн Бирж дээр явагдах болно.

Хөрөнгө оруулагч та бүхэн https://ipo.i-investment.mn/ хаягаар орж, хувьцааны болоод компанийн талаарх бүх тоон үзүүлэлт, онцлог давуу талуудыг судалж, итгэлтэйгээр хөрөнгө оруулахыг зөвлөж байна.