2024-05-15

Монгол Улсын ууган цэвэр усны үйлдвэр олон нийтийн компани болж байна

“ЭМ ЖИ ЭЛ АКУА” ХХК-ИЙН ТУХАЙ:

Voyage цэвэр усны үйлдвэр “Эм Жи Эл Акуа” ХХК нь 2001 онд үүсгэн байгуулагдсан 23 жилийн түүхтэй Монгол Улсын хамгийн анхны, цэвэр усны ууган үйлдвэр юм. “Voyage” брэнд нь рашааны судлаас ундаргатай 120 метр гүнээс гарган авсан усыг дэлхийд тэргүүлэгч технологиор боловсруулж олон улсын FSSC 22000, ISO 9001:2015 зэрэг стандартаар баталгаажуулан 2 нэр төрлийн 6 савлагаатай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдгээрээ онцлогтой.

Сүүлийн 3 жилийн хугацааг нарийвчлан авч үзвэл компани нь бизнесээ 3 дахин тэлж, 200 гаруй ажлын байрыг бий болгож, улсын төсөвт нийт 14 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлээд байгаа юм. Мөн 2022 оны биет хэмжээгээрээ Монгол Улсын савласан цэвэр усны зах зээлийг тэргүүлэх буюу 32 орчим хувийг дангаар хангаж, компанийн ашигт ажиллагааг 5 дахин нэмэгдүүлээд байгаа юм.

“VOYAGE IPO”-Д ОРОЛЦОХ ШАЛТГААН:

Хүнсний салбар нь эдийн засгийн мөчлөгөөс үл хамаараад тогтвортой ажилладаг онцлогтой салбар юм. Ялангуяа савласан ус бол сүүлийн 10 жилд шингэн хүнсний салбар дундаа хамгийн өндөр өсөлтийг үзүүлсээр ирсэн бүтээгдэхүүний төрөл юм. Сүүлийн үеийн хэрэглэгчид ч эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэж савласан усыг түлхүү хэрэглэх хандлагатай болсноор ирээдүйд савласан усны салбар өндөр өсөлтийг үзүүлэх төлөвтэй байна. Мөн “Voyage” үйлдвэрийн хүчин чадал нь Монгол Улсын нийт савласан цэвэр усны хэрэглээг бүрэн хангах боломжтой хамгийн том цэвэр усны дагнасан үйлдвэр гэдгээрээ онцлогтой.

“Эм Жи Эл Акуа” ХХК-ийн үнэлгээний тухайд, бизнесийн үнэлгээг “Хорогдуулсан мөнгөн урсгалын арга”-аар хийж гүйцэтгэн 66.5 тэрбум төгрөгөөр хөндлөнгийн үнэлгээний компани тооцоолсон байна. Ийнхүү андеррайтер болон үнэт цаас гаргагчаас зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэгж хувьцааны үнийг 14.24 хувиар хямдруулан бизнесийн үнэлгээг 57.0 тэрбум төгрөгөөр олон нийтэд санал болгохоор шийдвэрлэсэн билээ.

Энэ нь хувьцаагаа зах зээлийн бодит үнэлгээнээсээ хямдаар олон нийтэд санал болгож байгаа бөгөөд цаашид хувьцааны үнэлгээгээ өсөх магадлалыг нэмэгдүүлж байгаа юм. Мөн жил бүр цэвэр ашгийн 40% хүртэлх хэмжээгээр ногдол ашиг олгон тогтвортой ногдол ашгийн бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр хөрөнгө оруулагчдадаа ногдол ашиг болон хувьцааны үнийн өсөлт гэх 2 төрлөөр өгөөж хүртэх боломжийг нэмэгдүүлэх юм.

Хөрөнгө оруулагч та хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ipo.mglaqua.mn вэбсайт болон өөрийн үйлчлүүлдэг аль ч үнэт цаасны компаниар дамжуулан хувьцаагаа захиалж болно.