2023-04-26

НУУЦЫН БОДЛОГО

Энэхүү Нууцлалын бодлого нь “Инвескор Капитал ҮЦК” ХХК (цаашид “Бид” эсхүл “Компани” гэх)-аас Харилцагч (цаашид “Та” эсхүл “Харилцагч” гэх)-д брокерийн үйлчилгээг үйлчилгээний нөхцөл, брокерийн үйлчилгээний гэрээний дагуу үзүүлэхтэй холбоотойгоор Таны мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна.
Бид брокерийн үйлчилгээг үзүүлэх хүрээнд Таны олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах болон мэдээллийн нууцлалыг хадгалах, хамгаалахтай холбоотой харилцааг энэхүү бодлогод заасан нөхцөл журмын дагуу зохицуулах тул анхааралтай уншиж танилцана уу.
Та www.icapital.mn вэбсайт болон түүнтэй холбоотой аливаа вэбсайт, утасны аппликэйшнд холбогдон бүртгүүлэх үед “Үйлчилгээний нөхцөл”-тэй бүрэн танилцаж, тухайн нөхцөлийн дагуу хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрлийг баталгаажуулснаар үйлчилгээ авах эрх үүснэ.
Та “Үйлчилгээний нөхцөл” гэсэн сонголтыг идэвхжүүлсэн тохиолдолд Таныг өөрийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах цахим зөвшөөрлийг Бидэнд олгосон гэж үзнэ.
Хэрэв та “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд нууцлалын бодлого дах хүлээн зөвшөөрөх боломжгүй нөхцөлийн талаарх санал, хүсэлтээ Бидэнд илгээж асуудлыг шийдвэрлүүлнэ үү. Бид ирүүлсэн санал, хүсэлтийг шийдвэрлэх хүртэл Таны мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахгүй тул үйлчилгээг бүрэн үзүүлэх боломжгүй болохыг анхаарна уу.

НЭР ТОМЬЁО

Нууцлалын бодлогод заасан нэр томьёонуудыг дараах утгаар ойлгож хэрэглэнэ. Үүнд:

• “Хувийн мэдээлэл” гэж

– Хувь хүний хувьд: хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн мэдээлэл, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүний шууд болон шууд бусаар тодорхойлох эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээлэл, эдгээрээр хязгаарлагдахгүй хууль тогтоомж, Компанийн дотоод журмын хүрээнд шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл.
– Хуулийн этгээдийн хувьд: эцсийн өмчлөгч, гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, үйл ажиллагааны чиглэл, хөрөнгө, санхүүжилтийн эх үүсвэрийн мэдээлэл, улсын бүртгэлд бүртгэлтэй бүх төрлийн мэдээлэл болон эдгээрээр хязгаарлагдахгүй хууль тогтоомж, Компанийн дотоод журмын хүрээнд шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл.

• “Мэдээллийг цуглуулах” гэж Таны мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагааг.
• “Мэдээлэл боловсруулах” гэж Таны мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагааг.
• “Мэдээлэл ашиглах” гэж Таны мэдээллийг үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор хэрэглэх, дамжуулах болон мэдээлэлтэй танилцахыг.
• “Арилжааны систем” гэж үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор Харилцагчид санал болгож буй вэбсайт, гар утасны аппликейшн, программ хангамжийн системийг.
• “Брокерийн үйлчилгээ” эсхүл “Үйлчилгээ” гэж үйлчилгээний нөхцөлийн дагуу Компаниас брокерийн үйл ажиллагааны хүрээнд Танд үзүүлж буй үйлчилгээг.
• “Үйлчилгээний нөхцөл” гэж Компаниас Харилцагчид брокерийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор үүсэх харилцааг зохицуулж буй зохицуулалтуудыг.
• “Харилцагч” гэж арилжааны системээр дамжуулан брокерийн үйлчилгээ авч байгаа хувь хүн, хуулийн этгээдийг.
• “Харилцагчийг таньж мэдэх ажиллагаа” гэж мэдээлэх үүрэгтэй этгээдийн хувьд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомж, энэ чиглэлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд Компаниас хэрэгжүүлж буй Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааг.
• “Бүртгэлийн хаяг” гэж арилжааны системээр дамжуулан брокерийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр үүсгэх дахин давтагдашгүй бүртгэл (account)-ийг.
• “ҮЦТХТ” гэж “Монголын үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийг.
• “Номинал данс” гэж Компанийн нэр дээр арилжааны банканд нээлгэсэн, харилцагчдын төлбөр тооцоог хүлээн авах, нэгтгэн шилжүүлэх харилцах дансыг.
• “Үнэт цаасны данс” гэж Монголын үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд нээгдэх үнэт цаасны дансыг.
• “ҮШЕН” гэж Харилцагч брокерийн үйлчилгээ авахаар Компанид бүртгүүлэх үеийн байдлаар мөрдөгдөж байгаа “Инвескор Капитал ҮЦК” ХХК-ийн брокерийн үйлчилгээний шимтгэлийн ерөнхий нөхцөлийг.
• “Хууль сахиулах байгууллага” гэж холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Тагнуулын байгууллага, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн байгууллага, Прокурорын байгууллага, Шүүхийн байгууллага болон бусад холбогдох байгууллагыг.
• “Данс” гэж арилжааны систем дэх таны мөнгөн хөрөнгө, хувьцааны үлдэгдэл болон гүйлгээний мэдээллийг агуулсан дахин давтагдашгүй ID дугаар бүхий цахим дансыг.

1. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үндэслэл, зорилго

1.1. Харилцагчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах ажиллагаа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, энэхүү нууцлалын бодлого, Компанийн дотоод журмын хүрээнд үйлчилгээний нөхцөлийн дагуу үйлчилгээ үзүүлэхэд холбогдсон байна.
1.2. Компани Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Монгол банкны Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журмыг хэрэгжүүлэх, биелэлтийг хангах зорилгоор мэдээлэх үүрэгтэй этгээдийн хувьд үйлчилгээ үзүүлэхдээ хууль тогтоомжид заасан шаардлагатай мэдээллийг Харилцагчаас цуглуулах, олж авах нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, бусад хууль тогтоомжоор хамгаалагдсан нууцад хамаарах мэдээлэл, хуулийн этгээдийн өөрийн нууцад хамаатуулсан мэдээлэлд халдсанд тооцогдохгүй, зөрчсөн үйлдэл болохгүй гэдгийг анхаарна уу.
1.3. Бид Танаас олгосон цахим зөвшөөрлийг үндэслэн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах ажиллагааг гүйцэтгэнэ.
1.4. Бид Таны хувийн мэдээллийг брокерийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомж, энэхүү нууцлалын бодлого, үйлчилгээний нөхцөл, Компанийн дотоод журам, холбогдох гэрээ хэлцлийн хүрээнд дараах байдлаар цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
1.4.1. Арилжааны системд Харилцагчийн бүртгэлийн хаяг үүсгэх.
1.4.2. Харилцагчийг таньж баталгаажуулах ажиллагааг хийж гүйцэтгэх.
1.4.3. Арилжааны систем дэх номинал болон үнэт цаасны данснууд, тэдгээрийг ашиглах, цэнэглэх, орлогын болон зарлагын гүйлгээ гаргах, арилжааны түүх болон мэдээлэл авах.
1.4.4. Харилцагчийг арилжаанд оролцох боломжоор хангах.
1.4.5. Таны бүртгэлийн хаяг, дансны аюулгүй байдал, нууцлалыг хадгалах.
1.4.6. Харилцагчийн дансан дахь мөнгөн хөрөнгө болон үнэт цаасыг хадгалах.
1.4.7. Таны санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх.
1.4.8. Брокерийн үйлчилгээ үзүүлэх, түүнтэй холбогдох бусад мэдээллийг утсаар болон цахим хэлбэрээр солилцох.
1.4.9. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Татварын хууль тогтоомж, Эрүүгийн хууль болон Зөрчлийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх, зөрчил, гэмт хэрэг, зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй үйлдлээс урьдчилан сэргийлэх.
1.4.10. Танд Компани болон гуравдагч этгээдийн санал болгон гаргаж буй шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох, тэдгээртэй холбогдсон мэдээллийг өгөх.
1.4.11. Хууль сахиулах байгууллагууд болон зохицуулагч байгууллагуудтай хамтран ажиллаж хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх.
1.4.12. Компаниас санал болгож буй бусад үйлчилгээг үзүүлэх.
1.5. Бид нууцлалын бодлогод зааснаас бусад үндэслэл, зорилгоор Таны хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахгүй.

2. Цуглуулах, боловсруулах, ашиглах мэдээллийн жагсаалт

2.1. Бид брокерийн үйлчилгээг үзүүлэх болон МУТС-тэй тэмцэх тухай хууль тогтоомжоор хүлээсэн мэдээлэх үүрэгтэй этгээдийн хувьд харилцагчийг таньж мэдэх ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Таны дараах хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
2.2. Хувь хүний хувьд:

• Овог, нэр, регистрийн дугаар буюу Иргэний үнэмлэх, эсхүл Паспортын мэдээлэл
• Холбоо барих гар утасны дугаар, и- мэйл хаяг, оршин суугаа хаягийн мэдээлэл, харилцаа холбооны бусад шаардлагатай гэж үзсэн мэдээлэл
• Зураг
• Дансны мэдээлэл
• Улс төрд нөлөө бүхий этгээд мөн эсэх тухай мэдээлэл
• Хууль ёсны төлөөлөгчийн тухай мэдээлэл
• Сарын, жилийн орлого, санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэрийн мэдээлэл
• Арилжааны түүх, арилжааны систем ашигласан түүх
• Дансны үлдэгдэл, гүйлгээний түүх
• Ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал
• Харилцагч таньж мэдэх маягтад заасан бусад мэдээлэл болон үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл

2.3. Хуулийн этгээдийн хувьд:
• Хуулийн этгээдийн нэр, хэлбэр, регистрийн дугаар, улсын бүртгэлийн дугаар, хаяг, утасны дугаар гэх мэт хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй мэдээлэл
• Хуулийн этгээдийн и-мэйл хаяг, эрх бүхий этгээдийн и-мэйл хаяг, тэдгээрийн утасны дугаар болон харилцаа холбооны бусад шаардлагатай гэж үзсэн мэдээлэл
• Сарын, жилийн орлого, санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэрийн мэдээлэл.
• Хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдийн мэдээлэл, төлөөлөх эрх бүхий этгээд нь хууль ёсны дагуу төлөөлөх этгээд мөн эсэхийг тогтооход шаардлагатай мэдээлэл,
• МУТС-тэй тэмцэх тухай хууль тогтоомжийн дагуу заавал цуглуулахыг үүрэг болгосон мэдээлэл
•Хуулийн этгээдийг төлөөлөх этгээдээс хувь хүний хувьд шаардагдах мэдээлэл
• Дансны мэдээлэл
• Улс төрд нөлөө бүхий этгээд мөн эсэх тухай мэдээлэл
• Эцсийн өмчлөгчийн мэдээлэл
• Холбоо хамааралтай этгээдийн мэдээлэл
• Харилцагч таньж мэдэх маягтад заасан бусад мэдээлэл болон үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл
• МУТС-тэй тэмцэх тухай хууль тогтоомжийн дагуу заавал цуглуулахыг үүрэг болгосон бусад мэдээлэл

2.4. Дээрх мэдээллүүд нь хууль тогтоомжийн хүрээнд Компанийн дотоод журамд заасан Харилцагчаас шаардагдах баримт бичгийн жагсаалт, нотлох баримтуудад үндэслэгдэж цуглуулагдана.
2.5. Бид хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн хүрээнд төрийн байгууллага, үйлчилгээ үзүүлэгч бусад байгууллага, гуравдагч этгээдээс тэдгээртэй байгуулсан гэрээний үндсэн дээр Таны хувийн мэдээллийг цуглуулж болох бөгөөд уг ажиллагаа нь арилжааны системийн Харилцагчийг таньж мэдэх ажиллагааг хялбарчлах, сайжруулах, Бидэнд мэдээлэл гаргаж өгөх Таны үйлдлийг хөнгөвчлөх зорилготой байна.
2.6. Бид гуравдагч этгээдээс цуглуулсан Таны хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах зорилгоор нууцлалын бодлогод заасан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
2.7. Бид Харилцагч таньж мэдэх ажиллагааны хүрээнд шаардлагатай гэж үзсэн бусад мэдээллийг тодруулга болгон нэмэлтээр авч болно.
2.8. Компани Таны бүртгэлийн хаяг болон дансны аюулгүй байдал, нууцлалыг хадгалах зорилгоор ашиглалтын программ хангамжтай холбоотой дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж болно. Үүнд:
2.8.1. Төхөөрөмжийн мэдээлэл (компьютер, гар утас г.м). 2.8.2.IP хаяг.
2.8.3.Ашиглаж буй үйлдлийн системийн мэдээлэл. 2.8.4.Ашиглаж буй браузер хөтчийн мэдээлэл.

3. Мэдээлэл боловсруулах, ашиглах хугацаа

3.1. Харилцагч үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах цахим зөвшөөрлийг Бидэнд олгосон үеэс эхлэн Харилцагчаас бүртгэлийн хаягийг хаах хүртэлх хугацаанд мэдээллийг боловсруулж, ашиглана.
3.2. Та өөрийн бүртгэлийн хаягийг устгуулж, арилжааны системийн үйлчилгээг зогсоосон тохиолдолд цаашид харилцагчийн мэдээллийг боловсруулж, ашиглахгүй.
3.3. Бид Таны хувийн мэдээллийг цуглуулсан үеэс эхлэн хууль тогтоомж, дотоод журмын дагуу таван жилийн хугацаанд тус мэдээллүүдийг хадгалж, түүнээс цааших хугацаанд архивлана.

4. Мэдээллийн нууцлалыг хадгалж, хамгаалах

4.1. Монгол Улсын хууль тогтоомжид заасан үндэслэл, журам, төрийн эрх бүхий байгууллагын хууль ёсны шаардлага, гаргасан шийдвэрийг биелүүлэх хүрээнд мэдээллийг эрх бүхий этгээдэд дамжуулахаас бусад тохиолдолд Таны мэдээллийг нийтэд ил болгохгүй, бусдад дамжуулахгүй.
4.2. Бид арилжааны системд мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хадгалах, хамгаалах зорилгоор бүхий л шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж, нууцлал хамгаалах системийг тогтмол шинэчлэн сайжруулж ажиллана.
4.3. Таны Хувийн мэдээлэл алдагдах, буруугаар ашиглагдах, өөрчлөгдөх болон устгагдахаас сэргийлж мэдээллийн нууцлалыг хадгалах, хамгаалах дараах ажиллагааг зохион байгуулна. Үүнд:
4.3.1. Харилцагчийн мэдээлэл агуулагдаж буй программ, системийн аюулгүй, найдвартай байдалд тогтмол хяналт тавьж, зөвшөөрөлгүй этгээдийн нэвтрэх оролдлого, цахим болон бусад төрлийн халдлагаас урьдчилан сэргийлж, боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллах.
4.3.2. Техникийн болон аливаа материаллаг саатал гэмтэл гарсан тохиолдолд Хувийн мэдээллийг сэргээх, нууцлалыг хамгаалах ажиллагааг боломжит түргэн хугацаанд хэрэгжүүлэх.
4.3.3. Мэдээллийн нууцлал хадгалах, хамгаалах ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор эрх олгогдсон этгээд нь Таны хувийн мэдээлэлтэй танилцаж болох ба тэдгээр ажилтан нь мэдээллийн нууцлалыг бусдад задруулахгүй үүрэг хүлээнэ.
4.3.4. Та хувийн мэдээллийн нууцлалаа алдсан, эсхүл хамгаалалтын зохих арга хэмжээг авч хэрэгжүүлж чадаагүй тохиолдолд энэ тухай Бидэнд нэн даруй мэдэгдэх бөгөөд Таны өгсөн мэдэгдлийн дагуу Бид өөрсдөөс шалтгаалах шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

5. Мэдээллийг бусдад дамжуулах нөхцөл

5.1. Бид Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэл журам, төрийн эрх бүхий байгууллагын хууль ёсны шаардлагын хүрээнд дараах тохиолдолд Таны хувийн мэдээллийг бусдад дамжуулж болно. Үүнд:
5.1.1. Санхүүгийн зохицуулах хорооноос хяналт шалгалтын ажиллагаа явуулах хүрээнд мэдээлэл шаардсан;
5.1.2. МУТС-тэй тэмцэх тухай хууль тогтоомжид заасан мэдээлэх үүрэгтэй этгээдийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийг биелүүлэх хүрээнд Монгол банкны Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэл хүргүүлэх;
5.1.3. Прокурорын тогтоолоор эсхүл прокурорын зөвшөөрөлд үндэслэж Цагдаагийн байгууллагаас мэдээлэл шаардсан;
5.1.4. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд холбогдох шатны шүүхээс мэдээлэл шаардсан;
5.1.5. Бусад үндэслэлээр төрийн эрх бүхий байгууллагаас хууль тогтоомжийн хүрээнд мэдээлэл шаардсан;
5.2. Хэрэв Та гадаад улсад байрлах Бидний гэрээт болон хамтран ажиллагч байгууллагаас үйлчилгээ авахаар хүсэлт гаргасан тохиолдолд Бид Таны хувийн мэдээллийг тухайн байгууллагад дамжуулах боломжтой. Энэ тохиолдолд мэдээлэл дамжуулах ажиллагаа нь тус байгууллагатай байгуулсан гэрээнд заасан мэдээлэл солилцох журмын дагуу байх бөгөөд мэдээллийг хүлээн авагч байгууллага нь нууцлалын бодлого журамтай эсэх, уг байгууллагын үйл ажиллагаа явуулдаг улсын хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой эрх зүйн орчны талаар Бид судлан шалгасны үндсэн дээр дамжуулах бөгөөд уг нөхцөлийг хангасан тохиолдолд мэдээллийг дамжуулж болно.
5.3. Нууцлалын бодлогын 5.2-т заасан мэдээлэл дамжуулах ажиллагааг зөвхөн Таны гадаад улсад үйлчилгээ авах хүсэлтэд үндэслэн дамжуулах бөгөөд тухайн байгууллага нь Харилцагчийн хувийн мэдээллийг задруулсан, хууль бусаар ашигласан болон өөрчлөлт оруулсантай холбоотой үүсэх үр дагавар, хариуцлагыг Бид хүлээхгүй болохыг анхаарна уу.

6. Насанд хүрээгүй этгээдийн хувийн мэдээлэл

6.1. Бид 18 насанд хүрээгүй иргэдэд үйлчилгээ үзүүлэх тохиолдолд түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлд үндэслэн мэдээллийг цуглуулна.
6.2. Хэрэв өөрийн мэдээллийг илгээж буй Харилцагч нь насанд хүрээгүй иргэн болох тухай үндэслэл бүхий эргэлзээ төрсөн тохиолдолд Бид хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг шаардана.

7. Хувийн мэдээллийн халдашгүй байх эрхийг хангах

7.1. Таны Компанид гарган өгсөн болон арилжааны систем дэх хувийн мэдээлэл алдаатай, буруу байх тохиолдолд алдаатай, буруу мэдээллийг засварлуулах, өөрчлүүлэх хүсэлтээ нэн даруй
+976 7755-0077 дугаарт утсаар холбогдох, эсхүл info@icapital.mn хаягт и-мэйл илгээж мэдэгдэнэ.
7.2. Та өөрийн Бүртгэлийн хаягийг устгуулж, үйлчилгээ авахаа зогсоох тохиолдолд өөрийн хувийн мэдээллээ цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрлийг цуцлах хүсэлт гаргах эрхтэй. Бид Таны хүсэлтийг хүлээн авч, цаашид уг мэдээллийг энэхүү Нууцлалын бодлогын 5.1-д заасан нөхцөлүүдээс бусад тохиолдолд ашиглахгүй, задруулахгүй байх үүрэг хүлээнэ.
7.3. Та Нууцлалын бодлогын 7.2-т хэсэгт заасан хүсэлтийг гаргахдаа Харилцагчийг таньж мэдэх ажиллагааны шалгуурын дагуу өөрийгөө нотлох холбогдох мэдээллийг гаргаж өгөх бөгөөд Бидэнд Таныг гэж үзэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрсөн тохиолдолд Таны хүсэлтийг хүлээн авахгүй байх эрхтэй.
7.4. Бид энэхүү Нууцлалын бодлого болон холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэл, журам, төрийн эрх бүхий байгууллагын шаардлага, гаргасан шийдвэр, удирдамжийг үндэслэн Таны хувийн мэдээллийг бүрэн устгахгүй байх боломжтой бөгөөд энэ тохиолдолд зөвхөн хууль тогтоомжид зааснаас бусад хэлбэрээр ашиглахгүй, дамжуулахгүй байх үүрэг хүлээнэ.
7.5. Бид Харилцагчийн хувийн мэдээллийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд дамжуулахгүй, задруулахгүй, худалдахгүй болно.

8. Гуравдагч этгээдийн холбоос

8.1. Энэхүү Нууцлалын бодлого нь зөвхөн www.icapital.mn вэбсайт, брокерийн үйлчилгээ авахтай холбоотой харилцаанд хамаарна.
8.2. Бид www.icapital.mn вэбсайт дээр сурталчилгаа, хамтын ажиллагааны хүрээнд байршуулсан бусад вэбсайт, үйлчилгээний холбоост аливаа эрх хэрэгжүүлдэггүй бөгөөд тэдгээрийн нууцлалын бодлого болон бусад үйл ажиллагаатай холбоотой хариуцлагыг хүлээхгүй болно.

9. Нэмэлт, өөрчлөлт оруулах

9.1. Компани нь энэхүү Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тухай арилжааны системийн мэдэгдлээр дамжуулан Танд мэдэгдэнэ. Уг өөрчлөлтийн талаар мэдээлэл гаргаснаас хойш ажлын 1 (нэг) өдөр өнгөрсөн тохиолдолд уг нэмэлт, өөрчлөлт нь хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх ба Таныг уг нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
9.2. Бид уг нэмэлт өөрчлөлт нь Таны хууль ёсны эрх ашигт сөргөөр нөлөөлөхүйц гэж үзсэн тохиолдолд Танд урьдчилан мэдэгдэх бөгөөд Та уг нэмэлт өөрчлөлтийг зөвшөөрч үйлчилгээний харилцааг үргэлжлүүлэх, эсхүл үйлчилгээний нөхцөлд заасны дагуу уг үйлчилгээнээс татгалзах, Бүртгэлийн хаягийг хаалгах эсэх тухай шийдвэрийг гаргах эрхтэй.

10. Бидэнтэй холбоо барих

10.1. Тус компани нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Парисын гудамж, IC TOWER, 15 давхар, 1503А тоот хаягт байрлаж үйл ажиллагаа явуулна.
10.2. Таны хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой аливаа асуудалд санал, хүсэлтээ info@icapital.mn мэйл хаягаар цахимаар илгээх, эсхүл Компанийн
+976 7755-0077 дугаарт утсаар холбогдох, эсхүл Facebook, Twitter, LinkedIn сувгууд дахь “Инвескор Капитал ҮЦК”-ийн албан ёсны хуудаснуудад хандаж мэдэгдэх боломжтой.