2026-01-07

Чипийн дараагийн эрин – Nvidia

Жил бүр Лас Вегаст зохион байгуулагддаг дэлхийн хамгийн нөлөө бүхий технологийн арга хэмжээ болох CES 2026-ийн үеэр, технологийн компаниуд шинэ үеийн AI чипүүдээ танилцуулсан нь хөгжлийн дараагийн давлагаа эхэлж байгааг, зах зээлийн өрсөлдөөн улам бүр ширүүсэж байгааг харууллаа.

 

Тэдгээрийн дунд Nvidia компанийн гүйцэтгэх захирал Жэнсен Хуанг AI салбар дахь дараагийн том стратегийг танилцууллаа. Тэрээр Nvidia компанийн шинэ үеийн AI чипүүд аль хэдийн үйлдвэрлэлийн шатанд орсон бөгөөд өмнөх үеийнхээс ойролцоогоор 5 дахин өндөр тооцоолох хүчин чадалтай болсныг онцолсон юм. Энэ нь генератив болон их өгөгдөл бүхий загваруудын хөгжлийг дараагийн түвшинд гаргах суурь болно гэж үзэж байна.

 

Хамгийн онцлох шийдэл нь Vera Rubin платформ байсан бөгөөд зөвхөн нэг серверт 72 GPU, 36 CPU суурилуулснаар энэхүү архитектур нь AI загварын токен үүсгэх үр ашгийг 10 дахин нэмэгдүүлэх потенциалтай гэж мэдээллээ. Мөн context memory storage, co-packaged optics зэрэг технологиудыг нэвтрүүлснээр AI системүүдийг илүү хурдан, илүү бага зардлаар ажиллуулах нөхцөл бүрдэх хүлээлттэй байна.

 

Үүнээс гадна “Physical AI” буюу бодит робот, машин, төхөөрөмжүүдэд AI-ийг нэвтрүүлэх шинэ чиглэлийг танилцуулсан ба үүний хүрээнд Alpamayo нэртэй автомат жолоодлогын автомашины технологи, бодит орчинд ажиллах AI экосистем зэргийг танилцуулсан нь тус компанийн стратеги зөвхөн чипээр хязгаарлагдахгүй болсныг илтгэж байна.