2026-01-13

Хамгийн хүчирхэг эдийн засаг дахь зөрчилдөөн

Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Холбооны Нөөцийн Сангийн дарга Жером Пауэллд чиглэсэн хууль, улс төрийн дарамтаа нэмэгдүүлснээр АНУ-ын мөнгөний бодлогын хараат бус байдалд ноцтой эргэлзээ үүсгэж эхэллээ. Энэ тухай Жером Пауэлл анх удаа өөрийн байр сууриа ил тод илэрхийлж, мөнгөний бодлого эдийн засгийн нөхцөл байдлаас бус улс төрийн шахалтанд суурилах эрсдэлтэй болж байгааг анхаарууллаа.

 

Уг алхам нь ерөнхийлөгч Трампын төлөвлөгөөнд сөргөөр нөлөөлөх бөгөөд учир нь Пауэллийн бүрэн эрхийн хугацаа ирэх 5-р сард дуусах хэдий ч тэрээр ХНС-ийн гишүүний хувиар 2028 он хүртэл үлдэх юм. Хэрэв Пауэлл үлдвэл, дараагийн даргыг томилоход, бодлого тодорхойлоход дотоод эсэргүүцэл үүсэж, Цагаан ордны нөлөөллийг нэмэгдүүлэх боломж багасна. Мөн Сенатын Банкны хороонд шинэ томилгоонууд саатах магадлал нэмэгдэж байна.

 

Богино хугацаанд зах зээл харьцангуй тогтвортой байгаа буюу АНУ-ын урт хугацаат Засгийн газрын бондын өгөөж бага зэрэг өссөн ч, бодлогын хүүний ерөнхий хүлээлтэд огцом өөрчлөлт гарсангүй. Харин хувьцааны зах зээлд өсөлтийн тренд үргэлжилсэн хэвээр, түүхэн дээд түвшинд ойртож байгаа нь ХНС-ийн дархлаа ойрын хугацаанд хадгалагдсан хэвээр байхыг илтгэж байна.

 

Гэсэн хэдий ч дунд хугацааны эрсдэлүүд үргэлжилж байна. АНУ-ын нийт өрийн хэмжээ түүхэн өндөр түвшинд буюу 38.43 их наяд ам.долларт хүрсэн, 12-р сарын инфляц 2.7% гарсан буюу удаан хугацаанд зорилтот түвшнээс даваад байгаа энэ үед ХНС нь улс төрийн дарамтад автвал, урт хугацааны хүү өсөх, ам.долларын ханш сулрах, санхүүгийн нөхцөл чангарч болзошгүй. Энэ нь ипотекийн зээл, автомашины зээлийн өртгийг нэмэгдүүлэх, олголтыг бууруулах зэрэг бодит эдийн засагт шууд нөлөөлнө.

 

Тиймээс энэхүү маргаан нь нэг албан тушаалын асуудал биш буюу АНУ-ын мөнгөний бодлогын итгэлцэл, төв банкны хараат бус байдал, улмаар дэлхийн санхүүгийн тогтолцооны суурь зарчимд хамаарах илүү том асуудал болж хувираад байна.

 

Эх сурвалж: Bloomberg