2026-01-20

Европын Холбоо АНУ-ын бараанд €93 тэрбумын тариф ногдуулах хувилбарыг хэлэлцэж эхэллээ

Европын Холбоо АНУ-ын бараа бүтээгдэхүүнд нийт €93 тэрбум ($108 тэрбум)-ын тариф ногдуулахад бэлдэж байна. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын найман улсад 2-р сарын 1-нээс 10%-ийн импортын татвар ногдуулна гэж анхааруулсантай холбоотой бөгөөд, хэрэв талууд тохиролцоонд хүрэхгүй бол уг тариф 6-р сараас 25% хүртэл нэмэгдэх боломжтой юм.

ЕХ тарифаас гадна бусад эсрэг арга хэмжээг ч авч үзэж байгаа ч эхний ээлжинд дипломат гаргалгааг эрэлхийлж байна. Гишүүн 27 орны төлөөлөгчид аль хэдийн уулзаж, боломжит хувилбаруудыг хэлэлцсэн бөгөөд энэ долоо хоногт Брюссельд яаралтай дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөжээ. ЕХ-ны Зөвлөлийн дарга Антонио Коста ЕХ Дани болон Гренландыг дэмжиж, аливаа шахалтын эсрэг холбооны нийт улс хамтран оролцоход бэлэн гэдгээ мэдэгдсэн.

Маргааны гол шалтгаан нь Гренландтай холбоотой улс төрийн дарамт юм. Трамп НАТО-гийн хүрээнд Гренландад цэргийн сургуулилт зохион байгуулсны дараа “Гренландыг худалдан авах” хэлэлцээр хийхгүй бол тариф ногдуулна гэж анхааруулсан. Үүнд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон уг шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн мэдэгдэж, ЕХ-ны худалдааны хамгийн хүчтэй хариу механизм болох албадлагын эсрэг хэрэгслийг идэвхжүүлэхийг бусад улс орнуудад уриалаад байна.

ЕХ-ны хэрэгжүүлэх боломжит хамгийн бодит алхам нь АНУ-тай байгуулсан 7-р сарын худалдааны хэлэлцээрийг царцаах шийдвэр юм. Уг хэлэлцээрийн хүрээнд ЕХ АНУ-ын ихэнх барааны тарифыг тэглэсэн хэдий ч нийт экспортын хувьд 15%, ган, хөнгөн цагаан зэрэг зарим онцгой бүтээгдэхүүнд 50%-ийн татварыг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь Европт анхнаасаа шүүмжлэл дагуулж байсан билээ. АНУ үүнээс хойш тарифыг нэмэгдүүлж, зарим бүтээгдэхүүнд 50% хүртэл ноогдуулахаар болсон нь зөрчлийг улам хурцатгаж байна. Хэрэв АНУ тарифыг бодитоор хэрэгжүүлбэл, ЕХ эсрэг арга хэмжээг шууд хэрэгжүүлэх боломжтой бөгөөд үүний хүрээнд АНУ-ын автомашин, бурбон виски Boeing-ийн онгоц зэрэг бүтээгдэхүүнүүд гол бай болохоор байна.

 

Bloomberg Economics-ийн тооцооллоор хэрэв 25%-ийн тариф хэрэгжиж эхэлвэл Германи, Швед, Дани зэрэг улсуудын АНУ руу гаргах экспорт 50% хүртэл буурах эрсдэлтэй байна. Энэ нь төсвийн тэлэлт, бодлогын хүүний бууралтаар сэргэж байсан Европын эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн өсөлтийг хязгаарлахаар байна.

 

Эх сурвалж: Bloomberg