2026-01-22

Зах зээл сэргэж эхэллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Европын эсрэг тариф ногдуулахаа өөрчилж байгаагаа мэдэгдсэнээр дэлхийн хөрөнгийн зах зээлд өсөлт үргэлжилж эхэллээ. Азийн хувьцаанууд 1%-аар, Европын хувьцааны индексийн фьючерсүүд 1.4%-аар тус тус өслөө. АНУ-ын голлох индексүүд S&P 500 – $6,875.62, Nasdaq – $23,224.82, Dow Jones – $49,077.23 түвшинд арилжаалагдаж байна. Зах зээлд эрсдэл хүлээх хандлага сэргэснээр үнэт металлын эрэлт буурч, тэр дундаа алтны ханш 0.7%-аар унав.

 

Хувьцааны зах зээлд хагас дамжуулагчийн хувьцаанууд огцом өсөж, 2026 онд хиймэл оюун ухаантай холбоотой эерэг хүлээлт улам бэхжиж байна. Энэ удаагийн өсөлтийн гол өдөөгч нь Давосын Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр Nvidia-гийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг-ийн хийсэн мэдэгдэл байлаа. Тэрбээр дэлхийн хэмжээнд AI дэд бүтцийг бүрэн байгуулахад олон их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай хэмээн онцолсон нь хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин асаав.

 

Азийн зах зээлд энэхүү уур амьсгал хамгийн тод илэрч, санах ойн чип үйлдвэрлэгч Samsung Electronics-ийн хувьцаа нэг өдрийн дотор 5% хүртэл өсөж, түүхэн дээд түвшинд хүрлээ. Үүний нөлөөгөөр Өмнөд Солонгосын гол индекс Kospi 5,000 нэгжийг анх удаа давсан байна. Үүнээс өмнө АНУ-д Philadelphia Semiconductor Index 3%-иас дээш өсөж, шинэ дээд амжилт тогтоосон нь Nvidia-ийн ханшийн өсөлттэй шууд холбоотой байв.

 

Зах зээлийн эрсдэл хүлээх хандлага сэргэхэд геополитикийн хүчин зүйл мөн хүчтэй  нөлөөллөө. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын зарим оронд тариф ногдуулах анхааруулгаасаа ухарснаар худалдааны зөрчил намжих дохио өгч байна. Үүнтэй зэрэгцэн Женсен Хуанг Давост үг хэлж, AI бол зөвхөн технологийн чиг хандлага бус, эдийн засгийн бүтцийн томоохон хөрөнгө оруулалтын мөчлөг гэдгийг онцолсон нь өсөлтийг улам хурдасгав.

 

Wedbush Securities-ийн шинжээч Дэн Айвс “Давос энэ жил бүхэлдээ AI-ийн хувьсгалын тухай ярьж байна” хэмээн дүгнэж, геополитикийн тодорхой бус байдал байсаар байгаа ч АНУ-ын технологийн салбар AI-ийн хөгжлийг илт тэргүүлж, Хятад харьцангуй хол хоцорч байгааг онцолжээ.

 

Үүнээс дүгнэн үзвэл, AI-ийн тэлэлтийн боломж 2026 онд ч хүчээ алдахааргүй байна. Хэт өндөр үнэлгээ, геополитикийн томоохонх эрсдэлүүд хэвээр байгаа ч AI-тай холбоотой чип, дэд бүтцийн эрэлт урт хугацаанд тогтвортой өснө гэсэн хүлээлт зах зээлд давамгайлж байна.

 

 

Эх сурвалж: Bloomberg