2026-01-27
Алтны ханш 5,000 ам.долларын түвшинд хадгалагдаж байна
Нэг унц алтны ханш $5,000-оос дээш түвшинд хоёр дахь өдрөө хадгалагдаж, зах зээлд эрсдэлээс зугатах хандлага давамгайлж байна. Ам.долларын ханш суларч, дөрвөн жилийн доод түвшинд хүрсэн, геополитикийн тодорхой бус байдал ноёлж байгаа болон бондын зах зээлээс хөрөнгө оруулагчид татгалзаж байгаа нь үнэт металлын ханшийн өсөлтийг дэмжиж байна.

Алтны энэхүү огцом өсөлт нь түүний “Safe haven asset” үүргийг дахин баталж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд алтны үнэ хоёр дахин өсөөд зогсохгүй энэ он гарснаас хойш дахин 17%-аар нэмэгдсэн нь “Debasement trade” буюу мөнгөн тэмдэгтийн үнэгүйдлээс хамгаалах хандлагыг харуулж байна. Японы Засгийн газрын бондын зах зээлд сүүлийн үед зарах арилжаа түлхүү явагдаж байгаа нь хөрөнгө оруулагчид төсвийн хэт тэлэлт, өрийн дарамтаас болгоомжилж байгаатай холбоотой. Энэ нь засгийн газар бонд “эрсдэл бага” гэсэн уламжлалт ойлголтыг сулруулж, алт, мөнгө зэрэг бодит хөрөнгө рүү шилжиж байна.
Үүнтэй зэрэгцэн геополитикийн эрсдэл нэмэгдсэн нь алтны эрэлтийг улам дэмжлээ. АНУ-ын засаг захиргаанаас Гренланд, Венесуэлтэй холбоотой хийсэн хатуу, тодорхой бус мэдэгдлүүд, мөн ХНС-ийн бие даасан байдалд нөлөөлж болзошгүй улс төрийн дарамт нь зах зээлд итгэлгүй байдлыг үүсгэж, хөрөнгө оруулагчдыг “аюулгүй боомт” руу илүү хүчтэй чиглүүлж байна. Мөн опционы зах зээлд үнийн хэлбэлзэл цар тахлын үеэс хойших хамгийн өндөр түвшинд хүрээд байгаа ба хөрөнгө оруулагчид алтны үнэ цаашид ч өснө гэсэн хүлээлттэй байгааг илтгэж байна.
Түүнчлэн шинжээчид зах зээлийн сэтгэлзүй одоогоор нэг чиглэлд хэт төвлөрсөн байгааг онцолж байна. City Index-ийн шинжээч Фавад Разакзада “Одоогийн нөхцөлд хөрөнгө оруулагчид уналтыг боломж гэж харж худалдан авч байгаа бөгөөд трендийн эсрэг позицыг эзэмших сонирхол бараг ажиглагдахгүй байна” гэж дүгнэжээ. ХНС ойрын хугацаанд бодлогын хүүгээ өөрчлөхгүй байх магадлалтай ч ирэх саруудад мөнгөний зөөлөн бодлогыг хэрэгжүүлэх дохио гарвал алтны өсөлт дараагийн шатанд шилжих боломж хэвээр байна.
Эх сурвалж: Bloomberg terminal