2026-02-05
Хятадын өргөн хэрэглээний салбар сэргэж, технологийн салбар унаж байна
Сар шинийн баяр дөхөж буйтай холбоотойгоор Хятадын хэрэглээний салбарын хувьцаанууд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж эхэллээ. Дэлхийн зах зээлд технологийн хувьцаанууд огцом уналтад орж буй энэ үед баярын үеэр хэрэглэгчдийн зарцуулалт нэмэгдэнэ гэсэн хүлээлт давамгайлснаар Хятадын дотоодын хэрэглээнд чиглэсэн компаниудын хувьцаа эсрэгээрээ өсөлт үзүүлж байна.

CSI 300 индексийн хүрээнд хэрэглээний барааны салбар дөрөв дэх өдрөө дараалан өсөж, тухайн өдрийн хамгийн өндөр гүйцэтгэлтэй салбар боллоо. Ялангуяа архи, хүнсний салбарын томоохон тоглогч “Kweichow Moutai” болон “Foshan Haitian Flavouring & Food” компанийн хувьцаа өсөлтийг тэргүүлсэн байна. Харин технологийн салбар гурав дахь өдрөө дараалан уналтад орсон ба CSI 300 индексийн хувьд 1%-аар буурлаа.
Зах зээлийн энэ хөдөлгөөнийг шинжээчид капиталын шилжилт гэж тайлбарлаж байна. Өндөр үнэлгээ, хиймэл оюун ухаанаас үүдэлтэй бизнесийн загварын тодорхой бус байдал нь технологийн салбараас хөрөнгө оруулалтыг шахаж, харьцангуй тогтвортой орлоготой, бодит хэрэглээнд суурилсан компаниуд руу чиглүүлж байна. Үүний зэрэгцээ гоо сайхан, ресторан, зочид буудал, агаарын тээврийн компаниудын хувьцаа ч баярын үеэр эрэлт нь өснө гэсэн хүлээлтээр дэмжигдэж байна.
Сүүлийн жилүүдэд Хятадын хэрэглээний салбар эдийн засгийн удаашрал, дефляцийн дарамт, үл хөдлөх хөрөнгийн хямралаас шалтгаалан зах зээлийн гүйцэтгэл сул байсан юм. Үүнийг сайжруулах зорилгоор Бээжин 2026 онд 51 тэрбум ам.долларын төсвийн багц зарлаж, дотоодын хэрэглээ болон хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь зах зээлийн сэтгэл зүйг хэсэгчлэн сайжруулж байгааг илтгэж байна.
Гэсэн ч шинжээчид энэхүү өсөлтийг урт хугацааны тогтвортой чиг хандлага гэж дүгнэхэд эрт байгааг онцолж байна. Хэрэглээний нийт өсөлтийн хурд удаашралтай хэвээр байгаа ч тодорхой хэд хэдэн салбаруудад жижиг боловч өсөлт гарч эхэлсэн нь зах зээл дотоод эрэлт рүү аажмаар анхаарлаа шилжүүлж буйн дохио болж байна.
Эх сурвалж: Bloomberg terminal