2026-02-10

Зах зээлийн тойм: Технологийн салбарын сэргэлтийн нөлөөгөөр S&P500 индекс түүхэн дээд ханшдаа ойртлоо

АНУ-ын хөрөнгийн зах зээлд технологийн салбар дахин хүч түрэн өсөж, S&P 500 индекс түүхэн дээд түвшиндээ дөхөж хаагдлаа. Хагас дамжуулагч, программ хангамжийн хувьцаануудын сэргэлт нь зах зээлд сүүлийн үед үүссэн хиймэл оюун ухаантай холбоотой савлагааны дараах “завсарлага” болж байна. S&P500 индекс нэг өдрийн хувьд 0.5%-аар, NASDAQ100 индекс 1.4%-аар өссөн бол Oracle компанийн хувьцаа бараг 10%-аар огцом өсөв.

 

 

Энэ өсөлт нь АНУ-ын ажлын байр, инфляцын чухал мэдээллүүдийн өмнөх хүлээлттэй давхцаж байна. Лхагва гарагт гарах ажлын байрны тайлангаар 1-р сард ажлын байр 68 мянгаар нэмэгдэж, ажилгүйдэл 4.4%-тай хэвээр хадгалагдах төлөвтэй байна. Гэхдээ ажлын байрны статистик үзүүлэлт бууралттай байгаа нь зах зээлийн болгоомжлолыг бүрэн арилгаагүй хэвээр байна.

 

Баасан гарагт зарлагдах хэрэглээний үнийн индекс (CPI)-ийн мэдээллээс инфляц үнэхээр саарч байгаа эсэхийг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглахаар байна. Хэрэв инфляц хүлээлттэй ойролцоо гарвал зах зээлд томоохон нөлөө үзүүлэхгүй, харин огцом өндөр гарвал богино хугацаанд хэлбэлзэл үүсгэх эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна.

 

Бусад зах зээлийн хувьд нэг унц алтны ханш 5,000 ам.доллар давж, ам.долларын индекс 0.6 %-аар суларсан бол АНУ-ын 10 жилийн бондын өгөөж 4.20%-д тогтвортой байв. Криптовалютын зах зээлд Биткойны ханш 70 мянган ам.долларын орчимд хэлбэлзэж, газрын тосны үнэ Ираны усан замаас зайлсхийх зөвлөмжтэй холбоотойгоор өссөн байна.

 

Сүүлийн өдрүүдэд хиймэл оюун ухаан, технологийн салбар эдийн засгийг хэрхэн өөрчлөх вэ гэсэн болгоомжлол зах зээлд хүчтэй өрнөсөн ч суурь үзүүлэлтүүд доройтсон шинж харагдахгүй байгааг томоохон хөрөнгө оруулалтын банкууд онцолж байна. “Morgan Stanley”-ийн шинжээчид технологийн томоохон компаниудын орлогын өсөлтийн хүлээлт олон арван жилийн дээд түвшинд хүрсэн ч сүүлийн уналт нь зарим хувьцааг худалдан авах боломжийг үүсгэсэн гэж үзжээ.

 

Дүгнэвэл, ерөнхийдөө зах зээл одоо эрүүл эргэлт (rotation)-ийн үе шатанд орж, технологийн салбар давамгайлсан өсөлтийн дараа бусад салбарууд идэвхжиж эхэлж байна. Энэ нь богино хугацаанд таагүй мэт санагдаж болох ч урт хугацаанд илүү тогтвортой өсөлтийн суурь болдог гэж стратегичид дүгнэж байна. Ирэх өдрүүдэд гарах эдийн засгийн статистик үзүүлэлтүүд Холбооны Нөөцийн Сангийн бодлогын чиглэлийг тодорхой болгож, зах зээлийн дараагийн хөдөлгөөнийг шийдэх гол хүчин зүйл хэвээр болохоор байна.

 

Эх сурвалж: Bloomberg