2026-02-23

АНУ-ын Дээд шүүхийн шийдвэр Ши Жиньпинд хэлэлцээрийн ширээний ард давуу байдлыг үүсгэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өнгөрсөн онд дэлхийн дийлэнх улсын импортын бараа, бүтээгдэхүүнд 10%-aac 41% хүртэлх дүнгээр ногдуулсан тарифын арга хэмжээг АНУ-ын Дээд шүүх хууль бус гэж дүгнэж, хүчингүйд тооцлоо. Ингэснээр Дональд Трампын нэрийн хуудас болсон эдийн засгийн бодлогод цохилт өгч, Цагаан ордонд эргэж ирснээс нь хойших хууль шүүхийн хамгийн том ялагдлыг нь амсуулж байна. Мөн АНУ-ын импортлогчдын төлсөн тарифыг буцаан олгохтой холбоотой хууль эрх зүйн нүсэр тэмцэл өрнөх магадлалтай боллоо.

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч улс орнуудад ногдуулсан тарифaa хүссэн хэмжээгээр нэмэгдүүлэх боломжоо ашиглахгүй болсноор БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний хэлэлцээрийн ширээн дээрх давуу байдал үүсгэсэн гэж шинжээчид дүгнэж байна. Дональд Трамп ирэх 3-р сарын 31-нд БНХАУ-д айлчлахаар төлөвлөж буй нь АНУ-ын ерөнхийлөгчийн 2017 онд хийсэн айлчлалаас хойших анхны айлчлал нь болох юм. Хоёр улсын удирдагчийн энэхүү уулзалтаас хэдхэн долоо хоногийн өмнө БНХАУ-д шахалт үзүүлэх түүний гол зэвсэг болоод байсан тарифын шийдвэрийг дээд шүүх ийнхүү хүчингүй болголоо.

 

Шийдвэрийн хүрээнд БНХАУ-д ногдуулсан Дональд Трампын хоёр дахь удаагийн тарифыг хүчингүй болгож, тус улсад ногдуулсан тарифыг дэлхийн бусад орнуудтай ижил түвшинд буюу 15% болгосон байна. Өнгөрсөн онд 145% хүртэл өсөөд байсан тарифын аюул арилснаар Дональд Трамп БНХАУ-ыг АНУ-аас шар буурцаг, “Boeing”-ийн нисэх онгоц, эрчим хүч их хэмжээгээр худалдан авахыг шаардахад хүндрэл үүсэж байна. Түүнчлэн БНХАУ-ын тал АНУ-ын үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой газрын ховор элементийн нийлүүлэлттэй холбоотой нэмэлт шаардлага тавивал хариу цохилт өгөх гол зэвсэггүй болоод байгаа юм.

 

Дональд Трампын засаг захиргаа 2025 оны шийдвэрийнхээ хүрээнд импортоос үргэлжлүүлэн тариф авах боломжгүй болоод зогсохгүй өмнө нь тариф төлсөн этгээдүүдэд буцаан олголт хийх шаардлагатай тулгарч байна. Импортлогчдоос хэн нь, хэдий хэмжээний буцаан олголт авах эрхтэйг тодорхойлох ажлыг Дээд шүүх доод шатны шүүхүүдэд хариуцуулсан байна. Буцаан олгох нийт дүн нь 170 тэрбум ам.долларт хүрэх боломжтой ба Дональд Трампын тарифаас олсон нийт орлогын тэн хагасаас давах юм.

 

Тарифын дийлэнхийг цуцалснаар АНУ-ын Засгийн газрын төсөв хүндрэлд орох эрсдэл бий. Ялангуяа бондын зах зээлийн хөрөнгө оруулагчид тус улсын өсөн нэмэгдсээр буй өрийн хуримтлалд санаа зовсон хэвээр байна. Тарифаас орж ирсэн нэмэлт орлогыг 7-р сарын 4-нд баталсан Татварын шинэ хуулиар хэрэгжүүлж буй татварын хөнгөлөлтийн зардлыг нөхөхөд ашиглана хэмээн түүний засаг захиргаа өмнө нь илэрхийлж байв.

 

“Төлбөрийн тэнцлийн суурь алдагдал” үүссэн үед Ерөнхийлөгчид тариф тогтоох эрх мэдэл олгохыг 1974 оны “Худалдааны тухай хууль”-ийн 122 дугаар зүйлд тусгасан байдаг байна. Гэхдээ тус заалт нь өмнө нь огт ашиглагдаж байгаагүйгээс гадна тарифын хувь хэмжээг 15%-aас хэтрүүлэхгүй, 150 хоногийн хугацаанд хэрэгжүүлэх хякгаартай байна. Тариф хэрэгжих хугацааг сунгахын тулд Ерөнхийлөгч Дональд Трамп Конгрессоос зөвшөөрөл авах ёстой болж байна.

 

Эх сурвалж: Bloomberg

Сүүлд нэмэгдсэн мэдээ