
Швейцарийн эм үйлдвэрлэгч Roche 2026 оны III улирлын санхүүгийн үр дүнгээрээ зах зээлийн хүлээлтийг давсан үзүүлэлт тайлагнасан ч гол бүтээгдэхүүн болох Xolair эмийн борлуулалт сул гарсны улмаас компанийн хувьцааны ханш буурлаа.
Тус компанийн орлого тогтмол валютын ханшаар тооцоход өмнөх оны мөн үеэс 7%-иар өсөж, 16.13 тэрбум швейцар франк хүрсэн нь шинжээчдийн 15.75 тэрбум франкийн таамгийг давсан үзүүлэлт болсон байна. Өсөлтөд олон склерозын эм болох Ocrevus, мөн бусад инновацын эмүүдийн эрэлт нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Харин харшил болон архаг (Urticaria, Hives) чонон хөрвөсийн эмчилгээний бүтээгдэхүүн болох Xolair-ийн борлуулалт зах зээлийн хүлээлтээс доогуур гарсан нь хөрөнгө оруулагчдын санааг зовоов. Xolair-ийн анхны био-төст хувилбар зах зээлд гарснаар борлуулалт 848 сая франк болсон нь 925 сая франкийн хүлээлтэд хүрээгүй байна. Үүний дараа Roche-ийн хувьцаа арилжааны үеэр 1.1%-иар буурчээ.
Компанийн удирдлага хуучин блокбастер эмүүдийн патентын хугацаа ойртож буй энэ үед шинэ бүтээгдэхүүний шугамаа өргөжүүлэх зорилгоор гадаадын компаниудтай стратегийн лицензийн болон хамтын ажиллагааны хэлцлүүдийг эрчимжүүлж байгаагаа онцолсон байна. Үүний хүрээнд Roche саяхан Хятадын Hansoh Pharma-тай 15 тэрбум ам.доллароос дээш үнийн дүнтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан талаар мэдээлэгдсэн.
Яагаад анхаарах вэ?
Roche-ийн үндсэн бизнес хүчтэй хэвээр байгаа ч өндөр ашигтай эмүүдийн патент хамгаалалт дуусах тусам био-төст бүтээгдэхүүний өрсөлдөөн нэмэгдэж байна. Энэ нь дэлхийн эмийн салбарын томоохон компаниуд ойрын жилүүдэд шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон M&A хэлцэлд илүү их хөрөнгө оруулах хандлага үргэлжлэхийг харуулж байна.
Эх сурвалж: Reuters, Roche