2026-11-23

Өмнөд Солонгос хөрөнгийн зах зээлээ хамгаалахаар тогтворжуулах сангийн бэлтгэл ажлыг эхлүүллээ

Өмнөд Солонгосын эрх баригчид хөрөнгийн зах зээлийн савлагаа эрчимжиж, гол индексүүд огцом унасантай холбоотойгоор Зах зээл тогтворжуулах санг (Stock Market Stabilization Fund) шаардлагатай үед шуурхай ашиглах бэлтгэл ажлыг эхлүүллээ. Энэхүү шийдвэрийг Сангийн сайд Ли Хён Ил, Солонгосын Төв банк болон санхүүгийн зохицуулагч байгууллагуудын хамтарсан яаралтай хуралдааны үеэр гаргасан байна.

Эрх баригчид зах зээлд үзүүлэх дарамтыг бууруулах зорилгоор бүртгэлтэй компаниудын хувьцаагаа эргүүлэн худалдан авах өдөр тутмын хязгаарлалтыг гурван сарын хугацаанд сулруулж, хууль бус богино борлуулалтад тавих хяналтыг мөн хугацаанд эрчимжүүлэхээр болжээ.

Эдгээр арга хэмжээ нь KOSPI индекс өнгөрсөн баасан гарагт 5.2%-иар унан сүүлийн 10 сарын доод түвшинд хүрсний дараа хэрэгжиж байна. Зах зээлийн уналтад хиймэл оюун ухаан болон хагас дамжуулагчийн салбарын өсөлтийн төлөвт эргэлзэх хандлага нэмэгдэж, АНУ-ын хөрөнгийн зах зээлийн сулрал нөлөөлсөн гэж албаныхан үзжээ.

Албаны хүмүүс хиймэл оюун ухааны салбарын урт хугацааны өсөлтийн хүлээлт хэвээр байгаа ч хөрөнгө оруулагчид хэт сандралд автаж борлуулалт хийхээс зайлсхийх шаардлагатайг онцолсон байна. Зах зээл тогтворжуулах сан бодитоор ашиглагдвал энэ нь 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойших анхны тохиолдол болох юм.

Эх Сурвалж: SBS Korea, Yahoo Finance

Сүүлд нэмэгдсэн мэдээ