
Өнгөрсөн долоо хоногт технологи болон хагас дамжуулагчийн хувьцаанууд огцом унасны дараа АНУ-ын хувьцааны индексийн фьючерсүүд Даваа гарагийн эхний арилжаанд өсөлт үзүүлэв. Хөрөнгө оруулагчид хиймэл оюун ухааны салбар дахь үнэлгээний эрсдэл болон өндөр хүүгийн орчны нөлөөг дахин үнэлж байгаа ч зах зээл богино хугацаанд тогтворжих шинж тэмдэг ажиглагджээ.
Тодруулбал, Nasdaq 100-ийн фьючерс 3%-иар өссөн бол S&P 500-ийн фьючерс 2%-р нэмэгдсэн байна. Өмнөх долоо хоногт Nasdaq Composite индекс 10%-иар унаж, 2020 оны цар тахлын үеэс хойших хамгийн их долоо хоногийн алдагдлаа бүртгээд байсан юм.
Зах зээлийн савлагаанд хиймэл оюун ухааны дэд бүтэц, дата төвүүдэд хийгдэж буй их хэмжээний хөрөнгө оруулалтын өгөөжийн талаарх эргэлзээ голлон нөлөөлжээ. Мөн хиймэл оюун ухаантай холбоотой хувьцаануудын огцом бууралт хөрөнгө оруулагчдын эрсдэл хүлээх сонирхлыг сулруулсан байна.
Харин Азийн зах зээлүүдэд дарамт үргэлжилж, KOSPI индекс арилжааны эхэнд 3%-иас дээш унасан бол бүс нутгийн зохицуулагчид зах зээлээ дэмжих нэмэлт арга хэмжээнүүдийг бэлтгэж эхэлжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар энэ долоо хоногт АНУ-ын инфляцын үзүүлэлтүүд болон Federal Reserve-ийн бодлогын төлөв зах зээлийн чиглэлийг тодорхойлоход гол нөлөө үзүүлэх төлөвтэй байна.
Эх Сурвалж: TradingEconomics, Reuters