2026-03-11

Гадаад худалдааны Экспорт 71%-аар өсөж 906 сая ам.долларын ашигтай гарлаа

Манай улсын гадаад худалдааны тэнцэл 2026 он гарснаар 906.5 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийн 55 сая ам.доллароос огцом өсөж түүхэн дээд түвшинд хүрлээ.

 

 

Тухайлбал, экспорт жилийн өмнөхөөс 71.6%-аар өсөж 1.75 тэрбум ам.долларт хүрсэн нь энэ өсөлтийн гол хөшүүрэг болов. Нийт экспортын 69.4%-ийг уул уухайн бараа эзэлсэн ба үүнээс чулуун нүүрс (39.2%) болон төмрийн хүдэр, баяжмал (19.5%)-ын нийлүүлэлт нэмэгдсэн байна. Мөн, нийт экспортын дийлэнх буюу 88.9% нь БНХАУ-д, харин Швейцар 7.2%-ийг эзэлжээ. Нөгөө талд импорт 12.6%-иар буурч 843 сая ам.долларт хүрсэн нь тээврийн хэрэгсэл, сэлбэг (-56.5%), машин механизм (-8.2%)-ийн импорт багассантай холбоотой. Экспортын өсөлтөд нүүрс болон төмрийн хүдрийн олон улсын зах зээл дээрх үнийн өсөлт болон Хятадын аж үйлдвэрийн эрэлт чухал нөлөөлөв. Гэвч Монголын экспорт цөөн төрлийн түүхий эд, нэг зах зээлээс хамааралтай хэвээр байгаа тул түүхий эдийн үнэ, Хятадын эдийн засгийн өсөлт, хил логистикийн нөхцөл цаашдын худалдаанд гол нөлөө үзүүлэх төлөвтэй байна.

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо