2026-03-30
Сэргэлт үү, эрсдэл үү? Дэлхийн эдийн засаг тодорхойгүй хэвээр байна
Дэлхийн эдийн засаг 2026 он гарснаар хоёр өөр өнгө төрхтэй байна. Нэг талаас, АНУ-д инфляц өндөр хэвээр хадгалагдаж, гуравдугаар сарын хэрэглээний үнийн индекс (CPI) хүлээлтээс өндөр гарах төлөвтэй байна. Мөн хэрэглэгчдийн итгэл сул байгаа нь иргэд үнийн өсөлтөд болгоомжтой хандаж, зарцуулалтаа хумьж эхэлснийг илтгэж байна. Гэсэн ч шинээр ажилгүйдлийн тэтгэмж хүссэн иргэдийн тоо бага хэвээр байгаа нь эдийн засаг бүрэн саараагүй, хөдөлмөрийн зах зээл тогтвортой байгааг харуулж байна.

Нөгөө талаас, Хятадын эдийн засагт эерэг дохио ажиглагдаж байна. 2026 оны эхний хоёр сард аж үйлдвэрийн ашиг 10.6 хувиар өссөн нь үйлдвэрлэл сэргэж, эдийн засгийн идэвх нэмэгдэж буйн шинж юм. Харин Энэтхэг геополитикийн эрсдэлд илүү өртөмтгий хэвээр байгаа бөгөөд эрчим хүч, худалдаа, хөрөнгийн урсгалд үзүүлэх гадаад шокийн нөлөө 130 тэрбум ам.долларт хүрч болзошгүй гэж үзэж байна.
Мөн Япон, Европ, Мексикийн төв банкнууд инфляцыг бууруулах уу, эсвэл эдийн засгийн өсөлтөө дэмжих үү гэсэн хүнд сорилттой тулгарч байна. Энэ нь дэлхийн эдийн засаг сэргэх шинжтэй боловч эрсдэл өндөр хэвээр байгааг харуулж байна.
Эх сурвалж: Bloomberg Intelligence