2026-04-08

АНУ–Ираны гал зогсоох хэлцлийн дараа нефтийн үнэ огцом унав

АНУ болон Ираны талууд хоёр долоо хоногийн хугацаанд гал зогсоохоор санал нэгдсэн талаар Bloomberg мэдээллээ. Үүнээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны чухал дэд бүтцүүдэд цохилт өгөх шийдвэрээ 14 хоногоор хойшлуулсан ба энэ нь талууд дэлхийн эрчим хүч, тээврийн урсгалд чухал нөлөөтэй Ормузын хоолойг нээх асуудлаар тохиролцоонд ойртсон гэдэг дохио өгчээ.

Мөн, Трамп “Иран Ормузын хоолойг нэн даруй, аюулгүй, бүрэн хэмжээнд нээхийг зөвшөөрвөл хэлэлцээрт хүрнэ” гэж мэдэгдсэн ч Техран одоогоор ачаа тээврийн хөлөг онгоцуудыг уг хоолойгоор нэвтрүүлэх талаар албан ёсны байр суурь илэрхийлээгүй хэвээр байгаа юм. Мөн, боломжит гал зогсоох хэлэлцээрийн нөхцөл, шаардлагууд ч нийтэд одоогоор тодорхой болоогүй байгаа юм.

Харин Трампын мэдээлснээр Ираны талаас 10 заалт бүхий санал ирүүлсэн бөгөөд үүнийг цаашдын яриа хэлэлцээний суурь гэж үзэж байгаа аж. Уг яриа хэлэлцээг Пакистан зуучилж байгаа бөгөөд энэ хэлэлцээр нь бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах чухал алхам гэж үнэлэгдэж байна. Дээрх мэдэгдлийн дараа Брент төрлийн нефтийн үнэ 16 хувиар буурч 91.7 ам.долларт хүрсэн бол WTI 13.6 хувиар суларчээ. Гэсэн ч ханш дайны өмнөх түвшнээс өндөр хэвээр байна. Мөн OPEC+ орнуудын олборлолт буурсан нь нийлүүлэлтийн эрсдэлийг хэвээр байгааг илтгэж байна.

Эх сурвалж: https://bloombergtv.mn/

Сүүлд нэмэгдсэн мэдээ