2026-04-13
Японы урт хугацааны бондын өгөөж 27 жилийн дээд түвшинд хүрлээ
Японд урт хугацааны бондын өгөөж өсөж, зах зээлийн жишиг хүү болох Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын бодит өгөөж 2.49 хувьд хүрчээ. Энэ нь 1999 оны хоёрдугаар сараас хойших буюу сүүлийн 27 жилийн хамгийн өндөр түвшин болов.
Тухайлбал, Даваа гаргийн өглөөнөөс эхлэн хөрөнгө оруулагчид Засгийн газрын бондыг зарах хөдөлгөөн давамгайлж эхэлснээр бондын үнэ унаж, үүнээс үүдэн бодит өгөөж нь өссөн байна. Бондын зах зээл нь үнэ буурсан ч, хүү нь тогтмол байдаг тул өгөөж нь эсрэгээрээ өсдөг онцлогтой юм. Үүний гол шалтгаан нь АНУ, Ираны хэлэлцээ тохиролцоонд хүрээгүйтэй холбоотойгоор газрын тосны фьючерс үнэ өсөж, Японд инфляц улам эрчимжих хүлээлт зах зээлд нэмэгдсэнтэй холбоотой гэдгийг NHK онцолсон байна. Мөн валютын зах зээлд иенийг зарж, доллар худалдан авах хөдөлгөөн нэмэгдсэнээр ам.долларын ханш 159 иенд хүрчээ.
Зах зээлд оролцогчид Доналд Трампын Хормузын хоолойг хааж болзошгүй тухай мэдэгдэл зэрэг геополитикийн эрсдэл үргэлжилж байгааг онцолж, газрын тосны нийлүүлэлт, тээвэрлэлтийн эрсдэл хэвээр үргэлжилбэл, Японд инфляцын дарамт ойрын хугацаанд буурахгүй байх магадлалтай гэж үзэж байна. Иймд, тус улсын санхүүгийн зах зээлд савлагаа үргэлжилж, хөрөнгө оруулагчдын болгоомжлол нэмэгдсээр байна.
Эх сурвалж: https://news.web.nhk/newsweb