2026-04-14

Дэлхийн банк: 2026 онд Монгол улсын эдийн засаг 5 хувийн өсөлттэй байх төлөвтэй. 

Дэлхийн зах зээлд эрчим хүчний үнэ өсөж, Ойрх Дорнодын мөргөлдөөнтэй холбоотойгоор геополитикийн тодорхой бус байдал өндөр байгаа ч Монголын эдийн засгийн өсөлт 2026 онд тогтвортой хадгалагдаж 5 хувьд хүрэх төлөвтэй байна.

Энэ нь өнгөрсөн оноос 1.8 орчим хувиар эдийн засаг саарах хүлээлт юм. Дэлхийн банкнаас гаргасан Монгол улсын эдийн засгийн тоймд дурдсанаар: 

Инфляц болон гадаад орчны дарамт нэмэгдэж, макро эдийн засгийн тэнцвэргүй байдал 2026 онд үргэлжлэх төлөвтэй. Инфляц 2026 онд шатахуун болон махны үнийн өсөлтөөс шалтгаалж 8.5 хувийн орчимд гарах төлөвтэй байгаа ч бодлогын хатуу төлөв инфляцыг бууруулах чиглэлд нөлөөлнө. 

Төсвийн бодлогын хувьд төрийн өмчийн байгууллагуудын хөрөнгө оруулалтыг тооцохгүй бол төсвийн ерөнхий тэнцэл бага хэмжээний ашигтай, улсын өр буурах чиглэлд харьцангуй тогтвортой байх төлөвтэй.

Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хувьд эерэг болон сөрөг эрсдэл аль алийг нь дагуулна. Тодруулбал, төслүүдийг богино хугацаанд хурдан хэрэгжүүлж дуусгах нь тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж, экспортыг дэмжих боломжтой ч түүхий эдийн орлого буурвал төсвийн орон зай хязгаарлагдан, төслүүдийг хойшлуулах шаардлага үүсэж, уул уурхайн бус салбарын өсөлтөд дарамт учруулж болзошгүй.

Гадаад орчин талаас, олон улсын худалдааны тодорхойгүй байдал нэмэгдэх, Ойрх Дорнодын мөргөлдөөн удаан үргэлжлэх нь гадаад эрэлтийг сулруулж болзошгүй.

Гадаад орчны эрсдэл нь эрдэс баялгийн экспортыг бууруулж, инфляц болон үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж, өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй ч зэс, алтны үнэ өндөр байх нь экспорт болон төсвийн орлогыг нэмэгдүүлснээр уг нөлөөллийг хэсэгчлэн нөхөх боломжтой.

Дунд хугацаанд (2027-28) дэд бүтцийн томоохон төслүүд болон дотоод эрэлтийн тогтвортой өсөлтийг дагаад, өсөлт дунджаар 5.5 хувь орчим байх төлөвтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ