2026-05-06

Зах зээлд тэргүүлэгч TSMC компани 2029 оноос 1.3 нанометрийн шинэ үеийн чип үйлдвэрлэнэ

Хагас дамжуулагчийн гэрээт үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Тайванийн TSMC компани шинэ үеийн 1.3 нанометрийн ангиллын чипийг 2029 оноос их хэмжээгээр үйлдвэрлэж эхлэхээ мэдэгдлээ.

Тус компанийн мэдэгдсэнээр уг шинэ технологи нь жижиг талбайд илүү өндөр гүйцэтгэл үзүүлж, цахилгаан зарцуулалтыг бууруулах боломжтойг онцолсон байна. Ийм төрлийн хагас дамжуулагч нь хиймэл оюун ухаан болон өндөр хүчин чадалтай тооцооллын салбарт эрэлттэй байх төлөвтэй.

Мөн TSMC өнгөрсөн онд Тайвань дахь үйлдвэртээ 2 нанометрийн хамгийн дэвшилтэт чипийн үйлдвэрлэлийг эхлүүлсэн бөгөөд 2028 онд 1.4 нанометрийн ангиллын бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Вэй Жэжя “үйлчлүүлэгчдийн хамгийн найдвартай технологийн түнш байна” гэдгээ илэрхийлж, салбараа үргэлжлүүлэн манлайлах зорилтоо тодотгов. TSMC мөн Японы Кумамото мужийн Кикуё хотод эхний үйлдвэрийнхээ үйл ажиллагааг эхлүүлж байгаа бөгөөд хоёр дахь үйлдвэртээ 2028 оноос эхлэн 3 нанометрийн чип үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Энэхүү алхам нь хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудын тоо нэмэгдэж, өрсөлдөөн ширүүсэж буй энэ үед TSMC зах зээлд тэргүүлэгч байр сууриа бататгах зорилготойг харуулж байна.

Эх сурвалж: https://www.web.nhk/

Сүүлд нэмэгдсэн мэдээ