2026-05-11
Доналд Трамп Ираны хариуг “Хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж мэдэгдлээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын гаргасан энхийн саналд өгсөн Ираны хариуг “Бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй” хэмээн эрс няцаалаа.
Ираны хариу саналд бүс нутгийн мөргөлдөөнийг бүх фронтод зогсоох, ялангуяа Ливанд үргэлжилж буй зэвсэгт ажиллагааг дуусгах, мөн Хормузын хоолойн аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлыг онцолсон байна. Харин Вашингтоны хувьд Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах асуудлыг хэлэлцээрийн гол нөхцөл гэж үзэж байгаа юм.
Ираны зүгээс АНУ-ын саналд хариу өгөхдөө дайныг бүрэн зогсоох, эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлах, дайны улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгох зэрэг шаардлагыг багтаажээ. Мөн Тегеран Хормузын хоолойн асуудалд тус улсын бүрэн эрхийг онцолж, бүс нутгийн аюулгүй байдлыг үндэсний ашиг сонирхолтой холбон тайлбарласан байна.
Трамп Ираны хариуг олон нийтийн сүлжээгээр дамжуулан шүүмжилж, АНУ Ираны цөмийн чадавхыг бүрэн зогсоох байр сууриа өөрчлөхгүй гэдгийг мэдэгдлээ. Энэхүү мэдэгдлийн дараа газрын тосны үнэ огцом өсөж, Брент төрлийн газрын тосны үнэ 3%-аар нэмэгдэн 108 ам.долларт хүрлээ.
Хормузын хоолойн тээвэрлэлт 05/11-ний өдрийн байдлаар бараг зогссон байгаа ба шинжээчдийн зүгээс АНУ-Ираны хэлэлцээрт хүрэх магадлал 8-р сараас өмнө 35%, 9-р сараас өмнө 43%, 2027 оноос өмнө 54% гэж дүгнэж байна.
Одоогийн байдлаар АНУ болон Ираны хоорондын хэлэлцээ тодорхой үр дүнд хүрээгүй хэвээр байгаа бөгөөд энхийн хэлэлцээр амархан тохиролцоонд хүрэхгүй буюу Ойрх Дорнодын нөхцөл байдал цаашид ч тогтворгүй байх төлөвтэй байна. Вашингтон дипломат аргаар асуудлыг шийдвэрлэх боломж нээлттэй хэвээр гэж мэдэгдэж байгаа ч цэргийн дарамт болон эдийн засгийн хориг арга хэмжээ үргэлжлэх магадлал өндөр байна.
Эх сурвалж: Reuters.com, Kalshi.com