2026-05-11

АНУ болон БНХАУ-ын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдана.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нар энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт Бээжин хотноо уулзаж, хэд хэдэн томоохон асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Энэ нь дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн удирдагчдын, хамгийн хурцадмал үед хийгдэж буй уулзалт бөгөөд сүүлийн зургаан сарын хугацаан дахь анхны биечилсэн уулзалт болж байна.

АНУ-Хятадын худалдааны зөрчил, Иран, Тайван зэрэг геополитикийн асуудал болон технологийн асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Уулзалтын үеэр хоёр улс худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих шинэ хамтын ажиллагааны механизм байгуулах талаар тохиролцож магадгүй байна. Мөн Хятад улс “Boeing” онгоц, АНУ-ын хөдөө аж ахуй болон эрчим хүчний бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буйг албаныхан мэдээлжээ. Үүнээс гадна хоёр талын худалдааг дэмжих “Board of Trade” болон “Board of Investment” байгуулах асуудлыг хэлэлцэж байгаа ч хэрэгжүүлэхийн тулд нэмэлт тохиролцоо шаардлагатай юм.

Өнгөрсөн онд АНУ, Хятад хоёр худалдааны зөрчилдөөнийг намжаах хүрээнд газрын ховор элементийн нийлүүлэлтийн түр хэлэлцээр байгуулсан бөгөөд уг тохиролцоо одоогоор хүчинтэй хэвээр байна. Энэхүү хэлэлцээр нь Хятадаас АНУ руу газрын ховор элемент нийлүүлэх урсгалыг тасалдуулахгүй байх зорилготой бөгөөд эдгээр түүхий эд нь АНУ-ын технологи, батлан хамгаалах, цахилгаан автомашин болон хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд стратегийн чухал ач холбогдолтой юм. АНУ-ын албаныхан хэлэлцээрийн хугацааг сунгах асуудал яригдаж байгаа бөгөөд цаашид тохиролцоонд хүрнэ гэдэгт өөдрөг байр суурьтай байгаагаа мэдэгдсэн байна.

Геополитикийн хувьд Иран, Тайвань болон ОХУ-тай холбоотой асуудлууд хамгийн эмзэг, хурцадмал сэдэв хэвээр байна. АНУ Хятадыг Иранд нөлөөлөл үзүүлж, Вашингтонтой хэлэлцээр хийхэд түлхэц үзүүлэхийг хүсэж байгаа юм. Хятадын хувьд Ираны газрын тосны томоохон худалдан авагч хэвээр байгаа ба ОХУ-тай эдийн засаг, технологийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгааг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Тайванийн асуудал хоёр улсын харилцаанд томоохон зөрчил дагуулсан хэвээр байна. Хятад улс Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг бол АНУ Тайванийг олон улсын хэмжээнд дэмжиж, батлан хамгаалах салбарт хамтран ажилласаар байгаа юм. Сүүлийн жилүүдэд Хятад Тайванийн ойролцоох цэргийн ажиллагаагаа нэмэгдүүлсэн ч Вашингтон Тайванийг дэмжих бодлогоо өөрчлөхгүй гэдгээ дахин илэрхийлээд байна.

Мөн хоёр тал хиймэл оюун ухааны хөгжлийн асуудлыг хэлэлцэх төлөвтэй байгаа бөгөөд АНУ Хятадад хөгжиж буй дэвшилтэт технологиудад эрсдэлд болгоомжтой хандаж байна. Иймээс ирээдүйд технологийн өрсөлдөөн, үл ойлголцлоос сэргийлэхийн тулд хоёр улсын хооронд тогтмол харилцааны суваг бий болгох шаардлагатай гэж үзэж байгаа аж.

Эх сурвалж: Reuters.com

Сүүлд нэмэгдсэн мэдээ