2026-06-11

Канадын төв банк бодлогын хүүгээ 2.25 хувьд хэвээр хадгалж, инфляцийг бууруулах уу эсвэл эдийн засгийн өсөлтийг дэмжих үү “Хүнд сонголт”-той тулгарсаныг онцоллоо

Канадын төв банк бодлогын хүүгээ 2.25 хувьд хэвээр хадгалж, тав дахь удаагаа дараалан хүүгийн түвшинд өөрчлөлт оруулсангүй. Тус шийдвэр нь зах зээл болон шинжээчдийн хүлээлттэй нийцсэн бөгөөд эдийн засгийн өсөлт сул байгаа хэдий ч Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс үүдэлтэй газрын тосны үнийн өсөлт инфляцын дарамтыг нэмэгдүүлж байгаатай холбоотой байна.

Төв банкны ерөнхийлөгч Тифф Маклемийн мэдэгдсэнээр, эдийн засгийн өсөлт суларсан болон инфляцын дарамт зэрэгцэн үргэлжилж байгаа нь мөнгөний бодлогын хувьд “хүнд сонголт” болж байна. Хэрэв инфляцыг дарахын тулд хүүг нэмбэл эдийн засгийн идэвхжил улам саарах эрсдэлтэй. Харин өсөлтийг дэмжих зорилгоор хүүг бууруулбал өндөр инфляц үргэлжлэх эрсдэл нэмэгдэнэ гэж тэр онцоллоо.

Канадын төв банкны үзэж буйгаар, одоогийн нөхцөлд бодлогын хүүг хэвээр хадгалах нь эдгээр эрсдэлийг тэнцвэржүүлж байна. Гэсэн хэдий ч тодорхойгүй байдал өндөр хэвээр байгаа тул мөнгөний бодлого уян хатан байх шаардлагатайг тус банк онцолсон юм. Цаашид АНУ-аас худалдааны томоохон хязгаарлалт тогтоовол Канадын эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор бодлогын хүүг бууруулах шаардлага үүсэж болзошгүй. Харин Ойрх Дорнодын мөргөлдөөн үргэлжилж, эрчим хүчний үнэ өндөр хэвээр байснаар инфляц өргөн хүрээнд тархвал бодлогын хүүг дараалан нэмэгдүүлэх шаардлага гарч болзошгүй гэж төв банк анхаарууллаа.

Канадын инфляц дөрөвдүгээр сард 2.8 хувьд хүрсэн бөгөөд төв банкны тооцооллоор хэрэглээний үнийн өсөлт ирэх саруудад 3 орчим хувьд хэлбэлзсэний дараа аажмаар 2 хувийн зорилтот түвшин рүү буурах төлөвтэй байна. Төв банк цаашид суурь инфляцын үзүүлэлтүүд болон 3 хувиас дээш өсөлттэй бараа, үйлчилгээнүүдийг анхааралтай ажиглана гэж мэдэгдэв.Эдийн засгийн хувьд Канадын ДНБ эхний улиралд жилийн дүнгээр 0.1 хувиар агшсан бөгөөд өмнөх улиралд мөн 1 хувиар буурсан байна.

Тус төв банкны шийдвэрийн дараа Канад доллар ам.долларын эсрэг бага зэрэг чангарсан бол Канадын хоёр жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж буурсан байна. Зах зээлийн хувьд энэхүү шийдвэр нь Канадын төв банк ойрын хугацаанд хүлээзнэсэн байр сууриа хадгалж, инфляц болон өсөлтийн эрсдэл аль чиглэлд давамгайлахыг ажиглах төлөвтэй байгааг харуулж байна.

Эх сурвалж: Bloomberg.com

Сүүлд нэмэгдсэн мэдээ