2026-06-12

АНУ–Ираны хэлэлцээр ойртсон гэх мэдээллээр газрын тосны үнэ буурч, зах зээл сэргэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг төлөвлөж байсан шинэ цохилтоо цуцалж, хоёр талын хэлэлцээр ойртсон гэж мэдэгдсэний дараа газрын тосны үнэ буурч, хөрөнгийн зах зээлүүд сэргэлээ.

Трампын мэдэгдсэнээр хэлэлцээр нь Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэрлэлтийг сэргээх, мөн Ираныг цөмийн зэвсэг хөгжүүлэхгүй байх амлалтыг багтаах боломжтой аж. Тэрээр хэлэлцээрийг хоёр улсын ойлголцлыг үр дүнтэй болгох санамж бичиг гэж тодорхойлсон бөгөөд гарын үсэг зурах үйл явц ойрын өдрүүдэд Европт болох боломжтой гэж мэдэгдэв.

Ираны талаас уг хэлэлцээрийг албан ёсоор баталгаажуулаагүй байна. Тегераны эрх баригчид АНУ-тай тохиролцох баримт бичгийг хараахан зөвшөөрөөгүй ба хэлэлцээрийн бодит хэрэгжилт болон гал зогсоох нөхцөл тодорхойгүй хэвээр байна. Зах зээлийн хувьд Трампын мэдэгдэл газрын тосны үнэд шууд нөлөөлж Брент газрын тосны үнэ 1.4 хувиар буурч, баррель нь ойролцоогоор 89.10 ам.долларт хүрсэн бол Азийн хөрөнгийн зах зээлийг илэрхийлэх MSCI Asia Pacific индекс 2.6 хувиар өсөж, өмнөх хоёр өдрийн уналтаа зогсоолоо.

Хөрөнгө оруулагчдын хувьд гол анхаарах зүйл нь Ормузын хоолойн тээвэрлэлтийн эрсдэл хэвээр байна. Учир нь уг хоолой нь дэлхийн газрын тос, байгалийн хийн тээвэрлэлтийн стратегийн чухал гарц бөгөөд бүс нутгийн хурцадмал байдал эрчимжвэл эрчим хүчний үнэ дахин өсөх эрсдэлтэй. Одоогоор АНУ Ираны эсрэг тэнгисийн цэргийн хориг арга хэмжээг хэлэлцээр эцэслэгдэх хүртэл үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна.Иймд богино хугацаанд зах зээл хэлэлцээрийн эерэг хүлээлтэд хариу үзүүлж байгаа ч Ираны албан ёсны баталгаажуулалт, гал зогсоох нөхцөл, Ормузын хоолойн тээвэрлэлтийн бодит байдал тодорхой болох хүртэл газрын тос болон эрчим хүчний салбарын хэлбэлзэл өндөр хэвээр байх төлөвтэй байна.

Эх сурвалж: Bloomberg.com

Сүүлд нэмэгдсэн мэдээ