2026-06-26

Хятадын газрын тосны импорт сүүлийн арван жилийн доод түвшинд хүрэх төлөвтэй байна

Дэлхийн хамгийн том түүхий газрын тос импортлогч Хятад улсын далайн тээврээр авах газрын тосны хэмжээ зургаадугаар сард үргэлжлэн буурах төлөвтэй байна.

Тус улсын импорт өдөрт дунджаар 6.4 сая баррель болж, 2016 оны аравдугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрэхээр байгаа нь тавдугаар сарынхаас ойролцоогоор 8 хувиар бага үзүүлэлт. Ираны дайн хоёрдугаар сарын сүүлээр эхэлснээс хойш Хятад улс газрын тосны худалдан авалтаа ердийн хэмжээнээс өдөрт ойролцоогоор 4 сая баррелиар бууруулсан ба дэлхийн хамгийн том импортлогчийн эрэлт ийнхүү огцом суларсан нь нийлүүлэлтийн тасалдлын нөлөөг зөөлрүүлж, газрын тосны үнийг баррель тутамд 100 ам.доллароос доош хадгалахад нөлөөлсөн байна.

АНУ, Ираны хооронд гал зогсоох тохиролцоо хэрэгжиж, Ормузын хоолойгоор газрын тосны тээвэр хэсэгчлэн сэргэсэн тул зах зээлийн анхаарал Хятадын худалдан авалт хэрхэн нэмэгдэхэд төвлөрч байна. Бээжин нефтийн бүтээгдэхүүний экспортоо багасгах, боловсруулах үйлдвэрүүдийн ачааллыг бууруулах, нөөцөө ашиглах замаар нийлүүлэлтийн цочролыг даван туулж байна. Үүний зэрэгцээ эдийн засгийн өсөлт сул болон цахилгаан автомашины хэрэглээ хурдацтай нэмэгдэж буй нь газрын тосны эрэлтийг бүтцийн хувьд хязгаарлаж байна. Шинжээчдийн үзэж буйгаар Хятадын импорт ойрын саруудад сул хэвээр байж, Ираны дайны өмнөх түвшинд хүртэл бүрэн сэргэхгүй байх эрсдэлтэй гэж үзэж байна.

Эх сурвалж: Bloomberg.com

Сүүлд нэмэгдсэн мэдээ