2026-07-02

Трамп: Катарт хийсэн уулзалтын хүрээнд АНУ-Ираны дайны нөхцөл байдалд ахиц гарлаа

АНУ болон Иран 2026 оны 6-р сарын 17-нд түр тохиролцоо буюу Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Тус түр гэрээгээр цэргийн ажиллагааг харилцан зогсоох; Ормузын хоолойгоор худалдааны хөлөг онгоцыг 60 хоног чөлөөтэй нэвтрүүлэхээр тусгасан ба энэ хугацаанд эцсийн гэрээ байгуулахаар хэлэлцээ хийх нөхцөл багтжээ.

Ийнхүү 2026 оны 6-р сарын 30-нд Катарын Доха хотод Трампын тусгай элч Стив Уиткофф болон түүний хүргэн Жаред Кушнер нар Катарын Эмир Шейх Тамим бин Хамад Аль-Танитай уулзаж, Вашингтон болон Тегераны хооронд байгуулсан анхны тохиролцооны техникийн нөхцөлүүдийг хэлэлцжээ. Уг тохиролцоогоор талуудад 60 хоногийн хэлэлцээний хугацаа олгосон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Катарын Доха хотод болсон АНУ–Ираны шууд бус хэлэлцээнд ахиц гарсныг онцолж, өнгөрсөн долоо хоногийн харилцан цохилтын дараах түр эвлэрлийг урт хугацааны энхийн тохиролцоо болгох боломж нэмэгдэж байгааг мэдэгдэв.

Катарын Гадаад хэргийн яам хэлэлцээнд “эерэг ахиц” гарсан гэж мэдэгдсэн боловч тодорхой тохиролцоо, буултын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жэй Ди Вэнсийн мэдээлснээр техникийн түвшний хэлэлцээ үргэлжилж байгаа бөгөөд Ормузын хоолойгоор хөлөг онгоцны хөдөлгөөнийг хэвийн болгох, Ираны цөмийн хөтөлбөрийн ирээдүй зэрэг асуудлууд гол сэдэв болж байна.

Дараагийн уулзалтыг Ираны дээд удирдагч асан Али Хаменейн оршуулгын ёслолын дараа товлохоор төлөвлөжээ. Оршуулгын ажиллагаа долдугаар сарын 4-нөөс эхэлж, хэд хоног үргэлжлэх хүлээлттэй байна. Гэсэн хэдий ч түр эвлэрэл эмзэг хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногт Ираны нисгэгчгүй төхөөрөмж Ормузын хоолойн орчимд худалдааны хөлөг онгоц руу халдсаны дараа АНУ болон Иран харилцан цохилт хийсэн. Иран стратегийн ач холбогдолтой Ормузын хоолойд тодорхой хэмжээнд хяналтаа хадгалахыг зорьж байгаа бол АНУ худалдааны урсгалыг саадгүй болгох байр суурьтай байна.

Эх сурвалж: Bloomberg.com

Сүүлд нэмэгдсэн мэдээ