
ОХУ-ын Төв банк агуулах, логистикийн төв болон бусад бизнесийн байгууламжид болсон дроны халдлагын улмаас үйл ажиллагаа нь доголдсон жижиг, дунд бизнесүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг арилжааны банкуудад чиглэл болголоо. Төв банкнаас банкуудад зээлдэгчдийн өрийн бүтцийг өөрчлөх, хугацаанаас өмнө зээл төлүүлэхийг шаардахгүй байх, хугацаа хэтэрсэн төлбөрт торгууль ногдуулах болон зээлийн хүүг нэмэгдүүлэхээс татгалзахыг зөвлөсөн байна. Мөн зээлийн бүтцийн өөрчлөлт нь тухайн компанийн зээлийн түүхэнд сөргөөр нөлөөлөхгүй байх ёстой гэж онцолжээ.
Энэхүү арга хэмжээ нь сүүлийн үед Украины дроны халдлагад өртсөн ОХУ-ын логистикийн төв, агуулах, үйлдвэр, худалдааны цэг, оффис болон бусад бизнес, үйлчилгээний зориулалттай байгууламжийн үйл ажиллагаа доголдсонтой холбоотой. Ялангуяа ОХУ-ын томоохон цахим худалдааны платформ Wildberries-ийн агуулахууд халдлагад өртөөд байна. Оросын хэвлэлүүдийн шинжээчдийн тооцоолсноор тус компани агуулахын хүчин чадлынхаа 17%-ийг алдсан бөгөөд платформ дээр худалдаа эрхэлдэг бизнесүүдийн нийт алдагдал 280 тэрбум рубль буюу ойролцоогоор 3.5 тэрбум ам.долларт хүрч болзошгүй байна.
ОХУ-ын хамгийн том банк болох Sberbank халдлагын улмаас бизнес нь доголдсон аж ахуйн нэгжүүдээс зээлийн бүтцийн өөрчлөлт хүссэн 2,000 орчим хүсэлт хүлээн аваад байна.Үүнээс гадна ОХУ-ын Засгийн газар хохирсон худалдаа эрхлэгчдэд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэг жил хүртэл хугацаагаар хойшлуулах, банкуудад тухайн зээлийг дахин бүтэцжүүлэхдээ нэмэлт нөөц байгуулах шаардлагыг хөнгөвчлөх боломжийг хэлэлцэж байна.
Эх сурвалж: Bloomberg, Bank of Russia
Гадаад хувьцааны арилжаатай холбоотой нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл (8877-7408) дугаарт холбогдоно уу.