2026-10-05

Revolut-ийн үнэлгээ 115 тэрбум ам.долларт хүрч, Европын банкны салбарыг донсолгож байна

Их Британи төвтэй дижитал банк Revolut ердөө арав гаруй жилийн хугацаанд финтек стартапаас дэлхийн хэмжээний банк болох зорилгодоо ойртож, үнэлгээгээ нь 115 тэрбум ам.долларт хүргэлээ. Энэ нь тус компанийг Францын Société Générale, Их Британийн Barclays, Германы Deutsche Bank зэрэг олон зуун жилийн түүхтэй банкнуудаас ч  өндөр үнэлгээтэй болгож байна.

Revolut-ийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь харилцагчдын огцом өсөлт байв. 2019 онд найман сая орчим хэрэглэгчтэй байсан компани 2026 онд 80 сая хэрэглэгчтэй болж, долоон жилийн дотор үйлчлүүлэгчдийн баазаа арав дахин тэлжээ. Энэ нь дэлхийн хамгийн том банкнуудын нэг болох JPMorgan-ийн хэрэглэгчийн тоотой бараг эн зэрэгцэх хэмжээнд хүрсэн үзүүлэлт юм.

Компанийн гүйцэтгэх захирал Ник Сторонский Revolut-ыг жинхэнэ олон улсын банк болгохоор зорьж байгаа бөгөөд зөвхөн Европоор хязгаарлагдахгүйгээр Америк, Австрали болон бусад бүс нутагт лицензээ өргөжүүлсээр байна. Одоогийн байдлаар Европын олон улс, Австрали, Мексик зэрэг зах зээлд банкны лицензтэй болсон бол АНУ зэрэг томоохон зах зээлд түр зөвшөөрөлтэй ажиллаж байна. Мөн Өмнөд Африк, Перу зэрэг орнуудад лиценз авах үйл явц үргэлжилж байгаа нь дэлхийн хэмжээнд тэлэх стратегийн нэг хэсэг юм.

Компанийн үнэлгээ Европын зарим том банкийг давсан ч бизнесийн загвар нь уламжлалт банкнуудаас ялгаатай хэвээр байна. Revolut нэг хэрэглэгчээс олох орлого болон зээлийн багцын хэмжээгээрээ хоцорч байгаа бөгөөд орлогынхоо ихэнх хэсгийг картын үйлчилгээ, захиалгын багц болон санхүүгийн бусад бүтээгдэхүүнээс бүрдүүлж байна. Шинжээчдийн үзэж буйгаар Revolut ирээдүйд дэлхийн банкны салбарын томоохон тоглогч болох боломжтой ч ашигт ажиллагаагаа улам нэмэгдүүлэхийн тулд хэрэглэгчдээ үндсэн банкны харилцагч болгон хувиргах, зээлийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг сорилтуудтай нүүр тулгарах аж.

Эх сурвалж: Financial News London, Bloomberg