
БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD Европ дахь үйлдвэрлэлийн хүчин чадлаа эрчимтэй өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тус компани Европын зах зээл дэх байр сууриа бэхжүүлэхийн зэрэгцээ Хятадад үйлдвэрлэсэн автомашинд ногдуулж буй өндөр тариф болон худалдааны саад тотгорыг даван туулах зорилгоор шинэ үйлдвэрүүд байгуулахаар ажиллаж байна.
BYD-ийн Европ дахь тусгай зөвлөх Альфредо Альтавилла-гийн мэдээлснээр компанийн урт хугацааны төлөвлөгөөнд Европт нийт 3 автомашин угсрах үйлдвэр, 1 батарейн үйлдвэр байгуулах зорилт багтаж байна. Энэ нь компанийн өсөн нэмэгдэж буй борлуулалтыг хангахын зэрэгцээ Европын холбооны орон нутгийн үйлдвэрлэлийн шаардлагыг биелүүлэхэд чиглэжээ.
Одоогоор BYD Унгар дахь анхны үйлдвэрээ ашиглалтад оруулах шатандаа байгаа бөгөөд хоёр дахь үйлдвэрийн байршлыг энэ оны эцэс гэхэд шийдэхээр төлөвлөж байна. Тус компани үйлдвэрийг шинээр барихын оронд одоо байгаа автомашины үйлдвэрийг худалдан авч, шинэчлэн ашиглах хувилбарыг илүүд үзэж байгаа аж. Испани болон Франц улсууд хамгийн өндөр магадлалтай сонголтуудаар нэрлэгдэж байна.
Европын холбоо Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашинд нэмэлт тариф ногдуулсан бөгөөд цаашид орон нутгийн үйлдвэрлэлийн агууламжийг нэмэгдүүлэх шаардлага тавьж болзошгүй байгаа нь BYD зэрэг үйлдвэрлэгчдийг Европт үйлдвэрлэлээ нутагшуулахад түлхэц болж байна.
Эх сурвал: Reuters, BYD