2026-11-03

ХУВЬЦАА ХУВААЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Хувьцаа хуваалт (Stock Split) гэдэг нь компани нэг ширхэг хувьцаагаа хэд хэдэн ширхэг болгон хувааж, нийт хувьцааныхаа тоог нэмэгдүүлэх үйл явц юм.Компаниуд хувьцааны нэгж үнийг хөрөнгө оруулагчдад илүү хүртээмжтэй болгох, арилжааны идэвхийг дэмжих зорилгоор хувьцаа хуваах шийдвэр гаргадаг.

Хуваалтын үр дүнд хөрөнгө оруулагчийн эзэмшиж буй хувьцааны тоо нэмэгдэж, нэгж хувьцааны үнэ хуваалтын харьцаагаар буурдаг.

Өөрөөр хэлбэл, хувьцаа хуваалтын гол зорилго нь компанийн үнэ цэнийг шууд өөрчлөх бус, хувьцааг хөрөнгө оруулагчдад илүү хүртээмжтэй болгох үйл явц юм.

Хувьцаа хуваалт нь ямар нөлөө үзүүлэх боломжтой вэ?

  • Хувьцааны хүртээмж нэмэгдэх нь арилжаанд оролцогчдын тоо, эрэлт болон арилжааны идэвхэд эерэгээр нөлөөлөх боломжтой.
  • Нэгж хувьцааны үнэ буурснаар бага хэмжээний хөрөнгөөр хувьцаа худалдан авах боломж нэмэгдэж, жижиг хөрөнгө оруулагчдын оролцоог дэмжих нөхцөл бүрддэг.
  • Компанийн бодит үнэ цэнийг шууд нэмэгдүүлэхгүй
  • Нэгж хувьцааны ханш буурах нь хувьцааны үнэлгээнд нөлөөлөхгүй

Хувьцаа хуваалт нь хувьцааны нэгж үнийг бууруулах замаар хөрөнгө оруулагчдын хүртээмжийг нэмэгдүүлж, арилжааны идэвх болон хөрвөх чадварыг дэмжих боломжтой. Гэхдээ хувьцааны тоо өсөх нь хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх, нэгж үнэ буурах нь хувьцаа хямдарсан гэсэн үг биш юм.

Хувьцааны үнэ цэнийг тодорхойлох гол хүчин зүйлс нь компанийн санхүүгийн гүйцэтгэл, ашигт ажиллагаа, ирээдүйн өсөлтийн боломж болон зах зээлийн үнэлгээ хэвээр байна.

Иймээс хөрөнгө оруулагчид хувьцааны нэгж ханшаас илүүтэй компанийн суурь үзүүлэлт, үнэлгээний харьцаа болон урт хугацааны өсөлтийн боломжид үндэслэн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах нь зүйтэй.

*Энэхүү мэдээлэл нь хөрөнгө оруулалтын боловсрол олгох зорилготой бөгөөд үнэт цаас худалдан авах, худалдах зөвлөмж биш болно.