
Дэлхий даяар компаниуд хиймэл оюун ухаан (AI)-ын хэрэглээг эрчимтэй нэвтрүүлж байгаа ч ихэнх байгууллага бодит санхүүгийн үр өгөөжийг нь хараахан нотолж чадаагүй байна. Судалгаануудаас үзэхэд AI-ийн хэрэглээ өргөжсөн хэдий ч орлого, ашигт үзүүлэх нөлөө нь олон компанийн хувьд хүлээлтээс доогуур хэвээр байгаа аж.
McKinsey & Company-ийн 2026 оны судалгаагаар байгууллагуудын 89% нь AI-г дор хаяж нэг бизнесийн чиг үүрэгт ашиглаж байгаа боловч зөвхөн 37% нь ашигт ажиллагаанд (EBIT) эерэг нөлөө үзүүлсэн гэж хариулжээ. Мөн AI хэрэглээ хувь хүний бүтээмжийг нэмэгдүүлж байгаа ч байгууллагын түвшний санхүүгийн үр дүнд хөрвүүлэхэд хүндрэлтэй байгааг онцолсон байна.
Харин Grant Thornton-ийн судалгаанд оролцсон удирдах түвшний ажилтнуудын 78% нь байгууллага нь AI-ийн засаглал, хяналтын шалгалтыг амжилттай давна гэдэгт итгэлгүй байгаагаа илэрхийлжээ. Судалгаагаар AI-ийн үр өгөөж хангалтгүй байгаа гол шалтгааныг засаглал, эрсдэлийн удирдлага болон тодорхой стратегийн дутагдалтай холбон тайлбарласан байна.
Мөн зарим судалгаагаар компаниудын тал гаруй хувь нь AI-д их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн ч орлого өссөн эсвэл зардал буурсан хэмжигдэхүйц үр дүн хараагүй гэжээ. Энэ нь AI нэвтрүүлэлтийн дараагийн шат зөвхөн технологи худалдан авах бус, бизнесийн үйл ажиллагаатай үр дүнтэй уялдуулахад чиглэх шаардлагатайг харуулж байна.
Эх сурвалж: McKinsey, Grant Thornton