2026-11-18

Хятадын зэс хайлуулах хүчин чадал дээд хязгаарт ойртож байгааг салбарынхан анхааруулав

БНХАУ-ын зэс хайлуулах үйлдвэрийн хүчин чадал 2026 онд дээд хязгаарт хүрсэн тул зах зээлийн тэнцвэргүй байдал улам нэмэгдэж болзошгүйг Чэнь Шюэсэнь, Хятадын Өнгөт Металлын Аж Үйлдвэрийн Холбоо (CNIA)-ны дэд ерөнхийлөгч бөгөөд хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Түүний хэлснээр, дэлхийн зах зээлд зэсийн баяжмалын нийлүүлэлт хүрэлцэхгүй байгаа ч хайлуулах хүчин чадал тасралтгүй өссөнөөс боловсруулах хураамж (TC/RC) түүхэн доод түвшинд хүрээд байна. Үүнтэй холбоотойгоор CNIA нь төрийн байгууллагуудтай хамтран хүчин чадлын хяналт, эрт сэрэмжлүүлэх тогтолцоо бий болгохоор ажиллаж байгаа аж.

Зэсийн баяжмалын хомсдол болон дэлхий даяарх хайлуулах үйлдвэрүүдийн өргөтгөлөөс шалтгаалан спот зах зээл дэх боловсруулах хураамж сөрөг түвшинд оржээ. Аргусын мэдээллээр энэ үзүүлэлт 11-р сарын 6-нд тонн тутамд -247.2 ам.долларт хүрсэн нь жилийн өмнөхөөс эрс буурсан үзүүлэлт юм. Өмнө нь уурхайнууд хайлуулах үйлдвэрүүдэд боловсруулалтын төлбөр төлдөг байсан бол одоо зарим тохиолдолд хайлуулагчид түүхий эд авахын тулд уурхайд мөнгө төлөх нөхцөл бүрдээд байна.

Зах зээлийн оролцогчид ирэх оны урт хугацааны нийлүүлэлтийн гэрээний нөхцөлийг тогтоох зорилгоор Хятадын хайлуулах үйлдвэрүүд болон Чилийн томоохон зэс үйлдвэрлэгч Antofagasta-гийн хооронд явагдах хэлэлцээг анхааралтай ажиглаж байна.

Эх сурвалж: Reuters / MINING.COM