
Германы томоохон банк болох Deutsche Bank олон улсын сэтгүүлчдийн консорциумын нийтэлсэн мөрдөн шалгах сурвалжилгатай холбоотойгоор албан ёсны мэдэгдэл гаргаж, мэдээлэлд дурдагдсан асуудлууд нь ихэвчлэн олон жилийн өмнөх үйл ажиллагаатай холбоотой болохыг онцоллоо.
Тус мөрдөх сурвалжилга нь 15 сая гаруй дотоод баримт бичигт үндэслэсэн бөгөөд банкны Оросын олигархууд, Jeffrey Epstein, АНУ-ын Ерөнхийлөгч Donald Trump нартай холбоотой харилцаа, дотоод хяналт болон зохицуулалтын хэрэгжилтийн талаар шинэ асуултуудыг хөндсөн байна.
Үүнд хариу болгон Deutsche Bank мэдээлэлд дурдагдсан асуудлуудын зарим нь бүр 20 жилийн өмнөх үйл ажиллагаатай холбоотой бөгөөд тухайн үед нь шалгаж, зохицуулагч байгууллагуудтай хамтран ажилласан гэж мэдэгдэв. Мөн 2019-2025 оны хооронд дотоод хяналт, эрсдэлийн удирдлага, комплаенсын тогтолцоогоо бэхжүүлэхэд 7 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийснээ онцолжээ.
Банк цаашид мэдээллийн аюулгүй байдлын асуудлыг судалсаар байгаа бөгөөд одоогоор мэдээллийн систем нь халдлагад өртсөн, эсвэл харилцагчдын дансны мэдээлэл, нэвтрэх эрхийн мэдээлэл алдагдсан гэх нотолгоо илрээгүй гэж мэдэгдсэн байна. Холбогдох эрх бүхий байгууллагуудад ч мөн мэдээлсэн аж.
Энэхүү мэдээлэл нийтлэгдсэний дараа Deutsche Bank-ийн хувьцааны ханш өдөртөө 6 хүртэл хувиар буурсан бөгөөд хөрөнгө оруулагчид банкны өнгөрсөн үеийн эрсдэлийн удирдлага болон комплаенсын асуудлууд дахин анхаарлын төвд орсонд болгоомжилж байна.
Эх сурвалж: Deutsche Bank, CNBC, FinanceFeeds.