2026-11-19

ХНС-ийн хурлын тэмдэглэлд бодлогын хүү дахин өсөх магадлалыг бататгав

АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (ХНС)-гийн 2026 оны аравдугаар сарын мөнгөний бодлогын хурлын тэмдэглэлээс харахад бодлого боловсруулагчдын бараг бүгд инфляцыг зорилтот түвшинд бууруулахын тулд цаашид бодлогын хүүг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Хэдийгээр ХНС уг хурлаар холбооны сангийн хүүг 3.75%-4.00%-ийн түвшинд хэвээр үлдээсэн ч хэд хэдэн оролцогч инфляцын эрсдэл өндөр хэвээр байгааг онцолж, зарим нь тухайн хурлын үеэр 25 суурь нэгжээр нэмэх санал гаргажээ.

Тэмдэглэлд дурдсанаар, оролцогчдын бараг бүхэлдээ инфляц болон хөдөлмөрийн зах зээлийн суурь төсөөлөл хэвээр үргэлжилбэл нэмэлт чангаруулалт хийх нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн цөөн тооны гишүүд инфляцын үзүүлэлтүүд таамгаас өндөр гарсан тохиолдолд арванхоёрдугаар сарын хурлаар 25 суурь нэгжээс дээш өсөлтийг ч хэлэлцэж болохыг тэмдэглэжээ.

Албаныхан инфляцын дарамтыг тарифын нөлөө, эрчим хүчний үнэ, хиймэл оюун ухаантай холбоотой хөрөнгө оруулалтын эрэлт зэрэг хүчин зүйлтэй холбон тайлбарласан байна. Түүнчлэн AI салбарын өрийн санхүүжилт хурдтай өсөж буй нь санхүүгийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүй талаар санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

Зах зээл энэхүү хурлын тэмдэглэлийг “hawkish” буюу мөнгөний бодлогыг илүү чангаруулах чиглэлтэй дохио гэж хүлээн авсан бөгөөд ирэх хурлуудад хүү өсөх магадлал өндөр хэвээр байгааг илтгэлээ.  

Эх сурвалж: Federal Reserve FOMC-ийн хурлын тэмдэглэл