2020-08-27

АНХНЫ ХАМТЫН ХААЛТТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХ БҮРТГЭГДЛЭЭ

Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 340 тоот тогтоол болон холбогдох дүрэм, журмыг үндэслэн гаргасан “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн А/56 тоот тушаалаар “Ард менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Үндэсний хувьчлалын сан” хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 50,000,000 ширхэг нэгж эрхийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ. 

Ийнхүү олон улсын биржүүдэд түгээмэл арилжигддаг бүтээгдэхүүн манай зах зээлд цоо шинээр нэвтэрч байгаа нь хөрөнгө оруулагчид эрсдлээ тараан байршуулж, багц хувьцаанд хөрөнгө оруулах замаар хөрөнгө оруулалтын оновчтой удирдлагаар хангагдах бодит боломж бий болж байгаагийн зэрэгцээ дотоодын зах зээлд нэн шаардагдаж буй урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагчдын бааз суурь бүрэлдэж буйгаараа онцгой ач холбогдолтой юм.