Монгол Улсын Их хурлаас 2021 онд Банкны тухай хуулийг шинэчлэн баталж, хуулийн өөрчлөлтийн хүрээнд системийн нөлөө бүхий таван банк IPO гаргаж, олон нийтийн компани болох үүрэг хүлээсэн билээ.
“Төрийн банк” ХХК нь банкны салбарын реформын хүрээнд системд нөлөө бүхий банкнуудаас нээлттэй хувьцаат компани болох ажлыг түүчээлж, нийт хувьцааныхаа 5% буюу 37,475,000 ширхэг энгийн хувьцааг нэг бүрийг нь 590 төгрөгөөр олон нийтэд санал болголоо.
IPO-ийн үндсэн андеррайтераар “Ulzii&Co” ҮЦК ажилласан ба арилжааны захиалгыг МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан 2022 оны 9 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 6-ны өдрийг дуустал хүлээн авна.
Нийт 22.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлэх бөгөөд хөрөнгийн зарцуулалтыг Дундаж давхаргыг дэмжих, Байгаль орчин, нийгэм, засаглалын зарчимд нийцсэн зээлийн санхүүжилтийг олгоход зарцуулахаар төлөвлөсөн байна.
Санал болгож буй нийт үнэт цаасны 70 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, харин үлдэх 30 хувийг олон нийтэд санал болгож байгаа бөгөөд олон нийтийн захиалга нийлүүлэлтээс давсан тохиолдолд нэмэлтээр 0.75% буюу 5,621,250 ширхэг үнэт цаасыг олон нийтэд нэмж санал болгох юм.
Үнэт цаасны талаар дэлгэрэнгүй танилцуулгыг энд дарж үзнэ үү.