Монгол улсад хөрөнгийн зах зээл үүссэн буюу “Монголын Хөрөнгийн Бирж” үүсгэн байгуулагдсанаас хойш эдүгээ 30 гаран жилийг туулан өнгөрүүлэхдээ ДНБ-ний 12.4 хувьтай тэнцэх, 6.5 их наяд төгрөгийн үнэлгээ бүхий зах зээлийг бүтээлцсэн байдаг. Энэ хугацаанд “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК нь Монгол улсад хувийн өмчийг бий болгох үүргээ нэр төртэйгөөр биелүүлэхийн зэрэгцээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөрөнгийн бирж болтлоо хөгжсөн юм.
Монголын хөрөнгийн зах зээлийн ХӨГЖЛИЙН ШИНЭ ТҮҮХ 2022 оны 12-р сарын 26-ны энэ өдөр эхэлж, “Монголын Хөрөнгийн Бирж”-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлэх ёслолын арга хэмжээ боллоо.
Олон улсын санхүүгийн зах зээлд үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага буюу хөрөнгийн бирж нь ихэвчлэн нээлттэй ХК хэлбэртэй байдаг бөгөөд Монгол Улсын хувьд энэхүү сайн туршлагыг хэрэгжүүлж, “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК нь нийт хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болгон олон нийтийн өмчийн оролцоотой компани болж байна.
Ингэснээр “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц шинэчлэгдэж, олон нийтийн хараа хяналт сайжрах боломжтой болохын зэрэгцээ ашигт ажиллагаа, компанийн засаглал, мэдээллийн ил тод байдал сайжирч, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг дотоодын зах зээлд татах зэрэг томоохон боломжууд нээгдэх юм.
Шинэ сэргэлтийн бодлогыг түүчээлж буй энэхүү түүхэн үйл явдалд “Инвескор Капитал ҮЦК” үндсэн андеррайтераар, “Ти Ди Би Секьюритис ҮЦК” болон “Голомт Капитал ҮЦК” туслах андеррайтераар ажиллаж байна.
Монголын хөрөнгийн биржид хувь эзэмших хүсэлтэй хүн бүр ipo2022.mse.mn веб сайт болон өөрийн үйлчлүүлдэг аль ч үнэт цаасны компаниар дамжуулан хувьцаагаа захиалах боломжтой юм.