2023-05-25

“Invescore Capital” хувийн хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээгээр “TIW Capital Group”-тэй хамтын ажиллагаа эхлүүллээ

“Инвескор Капитал ҮЦК” хөрөнгө оруулалтын менежментийн олон улсын туршлагаас хуваалцах, дотоодын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр олон улсын “TIW Capital Group’’-тэй хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.

“TIW Capital Group” нь Сингапур, Дубай, Бахрейн, Энэтхэг улсуудад үйл ажиллагаа явуулахаас гадна дэлхийн 27 улсын харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг, олон улсын хөрөнгө оруулалтын менежментийн компани бөгөөд “buyout”, “fixed return income”, “investment fund management”, “family office”, “wealth management” чиглэлийн зөвлөх үйлчилгээгээрээ олон улсын туршлагатай байгууллага юм.

Энэхүү хамтын ажиллагааны санамж бичиг нь “Wealth Management” буюу хувь хүн, хөрөнгө оруулагчийн баялгийн менежментийн чиглэлээр харилцан туршлага солилцох, Монгол Улсын хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, олон улсын хөрөнгө оруулагчдад Монголын хөрөнгийн зах зээлийг таниулах, нарийн судалгаа шинжилгээг боловсруулах, мэдээлэл хуваалцах чиглэлээр голчлон чиглэж байгаа юм.

Олон улсын хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дотооддоо нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын орчин, нөхцөлийг сайжруулан гадаад хөрөнгө оруулалтыг татахад тус хамтын ажиллагааны санамж бичиг томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.