2025-04-18

“Бонд форум 2025” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

Монгол Улсын Их Хурлын даргын санаачилсан “Бонд форум 2025” арга хэмжээ 04-р сарын 17-ны өдөр амжилттай болж өндөрлөв. Тус арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгууллаа.

Бондын зах зээлийн ач холбогдолыг таниулах болон хөрөнгийн зах зээлийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой тус арга хэмжээнд Монгол Улсын бондын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн хөгжлийн чиг хандлага, бодлого зохицуулалтын асуудал, олон улсын бондын зах зээлийн хөгжил, түүнийг Монгол Улсад нутагшуулах боломж, бондын санхүүжилтийн чадавхыг үнэлэх зэрэглэл тогтоолтын ач холбогдол, Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг хөгжүүлж, жишиг хүүгийн тогтолцоог бүрдүүлэхийн үр нөлөө зэрэг сэдвүүдийг хөндсөн илтгэл, хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооноос дотоодын томоохон компаниудыг банкны өндөр өртөгтэй зээлээс илүүтэйгээр хөрөнгийн зах зээлээс бонд гарган санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор, богино хугацааны, бага дүнтэй бонд гаргах үед барьцаа болон батлан даалтын шаардлагыг хөнгөвчилж, бонд арилжаалах байгууллагуудад бүртгүүлэх үйл явцыг шуурхай шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлж байгааг форумын үеэр онцлон тэмдэглэжээ.

Мөн Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын хөрөнгийн бирж болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран Топ-100 аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлд оролцуулах, үнэт цаас гаргах үйл ажиллагааг дэмжих, хялбаршуулах чиглэлээр “Хамтран ажиллах санамж бичиг” байгууллаа.