2026-01-14

Гадаад худалдааны тэнцэл 4.4 тэрбум ам.долларын ашигтай гарлаа

Монгол Улс 2025 онд нийт 163 улстай худалдаа хийснээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.0 тэрбум ам.долларт хүрлээ. Үүнээс экспорт 15.7 тэрбум ам.доллар, импорт 11.3 тэрбум ам.доллар болж, тэнцэл 4.4 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

 

Экспорт 2025 онд өмнөх оноос 81.9 сая ам.доллароор буурахад нүүрс 2.9 тэрбум ам.доллар, угаасан ноолуур 256.7 сая ам.доллар, боловсруулаагүй газрын тос 70.8 сая ам.доллар, сүлжмэл дотуур хувцас 5.5 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин зэсийн хүдэр ба баяжмал 2.5 тэрбум ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 341.6 сая ам.доллар, мал амьтны самнасан үс, хялгас 260.5 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 51.1 сая ам.доллароор өссөн байна.

 

Импорт өмнөх оноос 302.6 сая ам.доллароор буурахад ачааны автомашин 217.1 сая ам.доллар, бульдозер, экскаватор зэрэг 67.7 сая ам.доллар, нийтийн тээврийн хэрэгсэл 52.5 сая ам.доллар, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги 48.9 сая ам.доллар, суудлын автомашин 43.7 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин дизелийн түлш 41.1 сая ам.доллар, азотын бордоо 22.4 сая ам.доллар, цахилгаан эрчим хүч 18.5 сая ам.доллароор өссөн байна.

 

Импортын дүнд 2025 оны байдлаар БНХАУ 40.9%, ОХУ 24.5%, Япон Улс 9.6%, БНСУ 4.1%, АНУ 3.7%, ХБНГУ 2.3 хувийг тус тус эзэлж, нийт импортын 85.2 хувийг бүрдүүлж байна.

 

2025 онд экспортын 49.9 хувь Гашуунсухайт, 21.2 хувь Замын-Үүд боомтоор хийгдсэн нь нийт экспортын 71.1 хувийг эзэлж байна. Импортын 58.8 хувийг Замын-Үүд, 21.3 хувийг Сүхбаатар боомтоор тус тус хийсэн нь нийт импортын 80.1 хувийг эзэлж байна.

 

 

Эх сурвалж: ҮСХ, 1212.mn