2026-01-15

БНХАУ-ын түүхэн дээд гадаад худалдааны ашиг

БНХАУ нь дэлхийн хамгийн том экспортлогч улс бөгөөд экспортын гол цөмийг электроник, машин механизм болон ухаалаг утас, компьютер, чип зэрэг технологийн бүтээгдэхүүнүүд бүрдүүлдэг. Сүүлийн жилүүдэд олон улсын худалдааны нөхцөл байдал өөрчлөгдөхийн хэрээр Хятадын экспортын чиглэл зөвхөн АНУ, ХонгКонг, Вьетнам зэрэг орнуудад төвлөрөлгүй ЕХ, АСЕАН-ы орнууд, Африк, Латин Америк руу хүчтэй тэлж, худалдааны зах зээлээ илүү олон талт болгох хандлагатай болж байна.

 

Хятад улсын экспорт оны өмнөх мөн үеэс 6.6%, импорт 5.7%-иар тус тус өсөж, 2025 онд нийт $1.2 их наядын худалдааны ашигтай гарч, түүхэн дээд амжилт тогтоосноо Лхагва гарагт мэдээллээ. Энэхүү өсөлтийг АНУ-аас бусад зах зээл рүү чиглэсэн экспортын огцом өсөлт дэмжсэн байна.

 

HSBC банкны Ази бүсийн ахлах эдийн засагч Фред Нойманн “Хятадын эдийн засаг өрсөлдөх чадвараа онцгой өндөр түвшинд хадгалсаар байна” гэж дурджээ. Нэг талаас бүтээмж нэмэгдэж, технологийн үйлдвэрлэлийн түвшин ахиж байгаа ч нөгөө талаас дотоодын эрэлт сул, илүүдэл хүчин чадал хуримтлагдсан байгааг онцолжээ.

 

2026 онд Бээжинд тулгарах сорилтууд нэмэгдэх төлөвтэй байна. Хятадын гадаад худалдааны бодлого, хэт их үйлдвэрлэл, мөн зарим гол бүтээгдэхүүнээс бусад улс орнууд хэт хамааралтай болж байгаа болон ҮХХ-ийн салбарын уналт, дотоодын эрэлт сул хэвээр байгаа энэ үед Хятад улс гадаад зах зээлд хямд бараагаа их хэмжээгээр нийлүүлсээр, эдийн засгаа хэр удаан тэтгэж чадах вэ гэсэн асуулт бодлого тодорхойлогчдын өмнө тулгарч байна.

 

Шинжээчийн дүгнэлт: Хятадын эдийн засаг богино хугацаанд экспортын хүчтэй гүйцэтгэлээр дотоодын сул эрэлтийг нөхөж байгаа ч худалдааны ашиг хэт тэлэх нь дунд хугацаанд олон улсын худалдааны зөрчлийг дахин хурцатгах эрсдэл дагуулж байна. Ирэх долоо хоногт гарах ДНБ-ий мэдээ зарлагдсанаар Хятадын өсөлт үнэхээр тогтвортой юу, эсвэл экспортод хэт найдаж байна уу гэдгийг илүү тодорхой болгох төлөвтэй байна.

 

 

Эх сурвалж: Reuters