2026-01-29

ХНС бодлогын хүүгээ хэвээр үлдээж, ажилгүйдлийн түвшин тогтворжиж байгааг онцоллоо

АНУ-ын Холбооны Нөөцийн Сан мөнгөний бодлогын хүүгээ 3.50%-3.75% түвшинд хэвээр хадгалахаар шийдсэнээр одоогийн тэргүүн Жером Пауэллын бүрэн эрхийн хугацаанд дахин бодлогын хүү буурах боломж хумигдаж байна. Хурлын дараа Жером Пауэлл АНУ-ын эдийн засгийн төлөв байдал тодорхой хэмжээгээр сайжирч, хөдөлмөрийн зах зээл илүү тогтворжих шинжтэй байгааг онцолсон ба ойрын хугацаанд эдийн засгийг дэмжихээр хүү бууруулах шаардлага харагдахгүй байгааг мэдэгдлээ.

 

ХНС-ийн Нээлттэй зах зээлийн хороо (FOMC)-ны хурлаар 10–2 саналын харьцаатайгаар бодлогын хүүг хэвээр үлдээсэн байна. Зөвхөн тус хорооны хоёр гишүүн Кристофер Уоллер болон Стивен Миран нар 0.25 нэгжээр бууруулах санал өгчээ. Өмнөх мэдэгдлүүдэд дурдаж байсан “ажлын байрны зах зээлд сөрөг эрсдэл нэмэгдсэн” гэх хэллэгийг энэ удаад хассан нь төв банкны зүгээс илүү эерэг байр суурьтай болсныг илтгэж байна. Ж.Пауэллын мэдэгдсэнээр, хөдөлмөрийн зах зээлд эерэг өөрчлөлт гарч эхэлж байгаа ч үүнийг хэт онцлохгүй байх нь зүйтэй гэдгийг хэллээ.

 

Мөн сүүлийн үеийн эдийн засгийн макро өгөгдлүүд ч энэхүү байр суурийг дэмжиж байна. Эдийн засгийн өсөлт хурдасч, инфляц аажмаар саарч, ажил эрхлэлт тогтворжих шинж илэрч байна.

 

Гэсэн хэдий ч улс төрийн дарамт буураагүй хэвээр байна. Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс хүүг бууруулах шахалт үргэлжилж байгаа ч Пауэлл Төв банкны бие даасан байдлыг дахин онцолж, энэ нь АНУ-ын эдийн засагт олон жилийн турш үр өгөөжөө өгсөн институцийн зохицуулалт гэдгийг дахин санууллаа. Тэрбээр өөрийн бүрэн эрхийн хугацаа энэ оны 5-р сард дууссаны дараа ХНС-ийн Захирлуудын зөвлөлд үлдэх эсэх шийдвэрээ хараахан гаргаагүй байгаагаа мөн дурдсан байна.

 

Уг шийдвэрийн хүрээнд зах зээл маш тайван буюу хэлбэлзэл үүссэнгүй. АНУ-ын 10 жилийн хугацаатай засгийн газрын бондын өгөөж 4.25% орчимд тогтвортой, ам.доллар бага зэрэг сулран S&P 500 зэрэг индексүүд бараг өөрчлөлтгүй хаагдсан байна. Фьючерс зах зээл ч 6-р сараас өмнө бодлогын хүү өөрчлөгдөнө гэсэн хүлээлтгүй хэвээр байна.

 

Шинжээчийн дүгнэлт: ХНС одоогоор “хүлээж ажиглах” стратегид бүрэн шилжиж байна. Ж.Пауэллын удирдлагын үед дахин хүү буурах орон зай бараг хаагдаж, дараагийн Төв банкны тэргүүн томилогдсоны дараа бодлогын чиглэл улс төр, зах зээлийн хүлээлтийн хувьд өөр шатанд шилжих магадлал улам нэмэгдэж байна.

 

 

Эх сурвалж: Bloomberg terminal