2026-02-04

Хятад дотоодын хэрэглээгээ тэлж, эдийн засгийн бүтцийг шинэчилнэ гэж мэдэгдэв

Хятад улс дотоодын хэрэглээг идэвхжүүлэх зорилгоор нэгдсэн зах зээлийг бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж, эдийн засгийн өсөлтийн загвараа шинэ шатанд гаргана гэж Сангийн дэд сайд Ляо Мин мэдэгдлээ. Тэрбээр Шанхай хотноо болсон АПЕК-ийн гишүүн орнуудын санхүү, төв банкны дэд сайд нарын уулзалтын үеэр үг хэлэхдээ дэлхийн эдийн засаг томоохон өөрчлөлтийн “шийдвэрлэх мөч”-д ирээд байгааг онцолсон байна.

 

 

Ляо Мин дурдахдаа, Хятад улс экспорт, хөрөнгө оруулалтад түшиглэсэн хуучин загвараа аажмаар шинэчилж, дотоодын эрэлтэд суурилсан, өндөр чанартай өсөлт рүү шилжиж байгааг онцолжээ. Ялангуяа үйлчилгээний салбарын хэрэглээ хурдтай нэмэгдэж байгаа нь эдийн засгийг илүү тогтвортой, эрэлтэд тулгуурласан хэв шинжтэй болгох суурь болж байна. Үүний зэрэгцээ эдийн засгаа илүү нээлттэй болгох нь бүс нутгийн орнуудад шинэ бизнесийн боломжууд бий болгоно гэж үзэж байна.

 

Энэхүү мэдэгдэл нь сүүлийн жилүүдэд дотоодын хэрэглээг хязгаарлаж, үйлдвэрлэлийн хэт хүчин чадал бий болгоход нөлөөлсөн орон нутгийн бодлогууд, муж хоорондын худалдааны саадыг арилгана гэж Хятадын эрх баригчдын хэлсэн олон удаагийн амлалттай уялдаж байна. Өнгөрсөн онд эдийн засаг 5%-ийн өсөлт үзүүлсэн ч өсөлтийн ойролцоогоор гуравны нэгийг экспорт бүрдүүлж, дотоодын эрэлт сул хэвээр хадгалагдан үлдсэн нь одоогийн өсөлтийн загвар дунд, урт хугацаанд тогтвортой бус байгааг тодорхой харуулж байна.

 

Иймээс Бээжин энэ онд дотоодын эрэлтийг тэлэхийг эдийн засгийн тэргүүлэх зорилт болгон зарлаад байна. Үүний хүрээнд өнгөрсөн 12-р сард нийт $51 тэрбумын төсвийн зардлыг үндэсний чухал төслүүд болон хэрэглээний бараа солих хөтөлбөрт (хуучин бараагаа өгөөд, шинэ бараа хямд авах хөтөлбөр) зарцуулахаар шийдсэн байна. Хятадын Ардын банкны хувьд зээлийг дэмжих зорилгоор бодлогын чиглэл бүхий зарим зээлийн хүүг бууруулах, Сангийн яам бизнес, өрхүүдийн зээл авах шаардлага, нөхцөлийг бууруулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээ танилцуулжээ.

 

Гэсэн ч зах зээл дэх итгэлийг сэргээх нь амаргүй сорилт хэвээр байна. Удаан үргэлжилсэн дефляцийн дарамт, үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал, өрийн эрсдэл зэрэг нь Бээжинг хэт огцом, томоохон эдийн засгийн дэмжлэг бий болгохыг хязгаарлаж байна. Хятадын арав гаруй муж 2026 оны өсөлтийн зорилтоо бууруулсан болон Ерөнхийлөгч Ши Жиньпин ч илүү удаан боловч чанартай өсөлтийг зөвшөөрөх хүлээлттэй байгаа нь үүнийг баталж байна.

 

 

Эх сурвалж: Bloomberg terminal