2026-02-12
Хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт тогтвортой гарснаар ХНС хүлээлтийн байр сууринд үлдэж магадгүй
АНУ-ын энэ оны 1-р сарын хөдөлмөрийн зах зээлийн тайлан хүлээлтээс давж, эдийн засгийн идэвх тогтвортой хэвээр байгааг харууллаа. Шинээр бий болсон ажлын байрны тоо 130,000 буюу таамгаас өндөр гарч, ажилгүйдлийн түвшин тогтвортой хэвээр үлдсэн нь эдийн засаг хэт огцом унах эрсдэл ойрын хугацаанд бага байгааг илтгэж байна.

Энэ нь Холбооны Нөөцийн Сан (ХНС)-г бодлогын хүүг тодорхой хугацаанд хадгалах оройн зайг бий болгож байгаа буюу хүлээлтийн байр сууринд шилжүүллээ. Өөрөөр хэлбэл эдийн засагт нэмэлт дэмжлэг үзүүлэх зайлшгүй нөхцөл хараахан бүрдээгүй байна. Өнгөрсөн оны 9 сараас хойш бодлогын хүүг нийт 3 удаа 25 суурь нэгжээр бууруулсан бөгөөд одоогийн байдлаар энэ онд 2 удаа бууруулах хүлээлттэй байна. Фьючерс зах зээл дээрх хүлээлтүүд ч хүү бууралтыг хойшлуулж эхэлжээ.
Зах зээл ч тус мэдээлэлд хурдацтай хариу үйлдэл үзүүлсэн бөгөөд АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж өсөж, ам.долларын ханш 97.3 нэгжид хүрч чангарлаа. Харин хувьцаа, алт болон хүүгийн өөрчлөлтөд мэдрэмтгий активуудын өсөлт саарч, засвар хөдөлгөөн хийж эхэллээ.
Гэхдээ хөдөлмөрийн зах зээлийн тайлангийн дотоод бүтцийг илүү нарийвчлан харах шаардлагатай хэвээр буюу зарим салбарын ажлын байрны өсөлт идэвх сул хэвээр, өмнөх саруудын тоон мэдээлэлд засвар орсон нь нийт дүр зураг жигд бус байгааг илтгэж байна. Тиймээс нэг удаагийн хүчтэй тайланг эдийн засгийн бүрэн сэргэлтийн баталгаа гэж үзэхэд эрт болохыг шинжээчид анхааруулж байна.
Хөрөнгө оруулагчдын анхаарал баасан гарагт зарлагдах инфляцын үзүүлэлт рүү чиглэхээр байгаа ба цаашид тогтвортой саарч, хөдөлмөрийн зах зээлд хэт халалт үүсэхгүй бол энэ онд хүүг бууруулах боломж нээлттэй хэвээр байна. Харин инфляц дахин сэргэх эсвэл цалингийн өсөлт хурдасвал бодлогын хүү урт хугацаанд өндөр түвшинд хадгалагдах эрсдэл нэмэгдэх юм.
Дүгнэн үзвэл зах зээл богино хугацаанд өөдрөг байдал, болгоомж хоёрын дунд савлаж байна. Хөдөлмөрийн зах зээл бат бөх хэвээр байгаа нь эдийн засгийн суурь эрсдэлийг бууруулж байгаа хэдий ч мөнгөний бодлогын хувьд хүүг хадгалах шийдвэр үргэлжилж болзошгүй байна.
Эх сурвалж: Yahoo Finance