2026-05-21

Доналд Трамп АНУ болон Ираны хэлэлцээр “эцсийн шатандаа” орсон гэж мэдэгдсэний дараа Азийн зах зээлүүд өсөлт үзүүлэв.

Азийн хөрөнгийн зах зээлүүд өнөөдөр өсөлттэй нээгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ирантай хийж буй хэлэлцээ “эцсийн шатандаа” орсон гэж мэдэгдсэн нь Ойрхи Дорнодын хурцадмал байдал намжиж магадгүй гэсэн хүлээлт үүсгэж, хөрөнгө оруулагчдын эрсдэлийн айдсыг бууруулсан байна.

Сүүлийн өдрүүдэд Ираны боомтуудын хориг, Хормузын хоолойн тодорхойгүй нөхцөл байдлаас үүдэн газрын тосны үнэ огцом өсөөд байсан ч дипломат яриа хэлэлцээ ахицтай байгаа мэдээллийн дараа үнэ бага зэрэг тогтворжив. Brent төрлийн газрын тосны үнэ баррель нь 105.8 ам.доллар, WTI 99 ам.доллар орчимд хэлбэлзэж байна.

Японы Nikkei 225 индекс 3.5 хувиар өссөн нь тус улсын экспортын үзүүлэлт сайжирсантай холбоотой. Дөрөвдүгээр сард Японы экспорт 14.8 хувиар өсөж, ялангуяа хагас дамжуулагчийн нийлүүлэлт нэмэгдсэн нь эдийн засагт эерэг дохио өгчээ. Мөн SoftBank Group компанийн хувьцаа хиймэл оюун ухааны салбарын өсөлтийн хүлээлтээс шалтгаалан бараг 20 хувиар өссөн байна.

Өмнөд Солонгост Kospi индекс 7 хувиар өсөж, Samsung Electronics компанийн ажилчдын ажил хаялт цуцлагдсан нь зах зээлд эерэг нөлөө үзүүлэв. Харин SK Hynix компанийн хувьцаа 11 хувиар өсжээ.

АНУ-ын зах зээл өсөлттэй хаагдсан бөгөөд Dow Jones 1.3 хувь, Nasdaq 1.5 хувиар нэмэгдсэн байна.

Хөрөнгө оруулагчид геополитикийн эрсдэл болон хиймэл оюун ухааны салбарын өсөлтөд илүүтэйгээр анхаарал хандуулж байна.

Эх сурвалж: CNBC

Сүүлд нэмэгдсэн мэдээ