2026-06-08

АНУ-ын хөдөлмөрийн зах зээл хүлээлтээс давж, ам.долларын ханш өслөө

АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн эерэг мэдээллийн дараа ам.долларын ханш хоёр сарын дээд түвшинд ойртож өслөө.

Тухайлбал, тавдугаар сард АНУ-ын эдийн засагт 172 мянган ажлын байр шинээр нэмэгдэж, шинжээчдийн төсөөллийг давснаар Холбооны нөөцийн сан энэ онд бодлогын хүүгээ нэмэгдүүлэх магадлал нэмэгдлээ.

Үүний нөлөөгөөр еврогийн ханш ам.долларын эсрэг 1.1507 ам.доллар болж хоёр сарын доод түвшинд хүрсэн бол фунт стерлинг гурван долоо хоногийн доод түвшинд ойртлоо. Мөн Австрали, Шинэ Зеландын доллар хоёр сарын доод түвшинд хүрсэн байна.

Иймд шинжээчид Холбооны нөөцийн сан ирэх арванхоёрдугаар сард хүүгээ нэмэх магадлалыг 70 хувиас дээш гэж үзэж байна. Харин иенийн ханш ам.долларын эсрэг 160.29-д хүрч, Японы эрх баригчид валютын зах зээлд оролцох эрсдэлийг нэмэгдүүллээ.

Эх сурвалж: Reuters