2026-06-15

АНУ, Иран гал зогсоох түр хэлэлцээрт хүрч, Ормузын хоолойг нээхээр тохиролцов

АНУ болон Иран гал зогсоох, Ормузын хоолойн тээвэрлэлтийг сэргээх түр хэлэлцээрт хүрсэн нь дэлхийн эрчим хүчний зах зээл дэх нийлүүлэлтийн эрсдэлийг буурууллаа.

Уг тохиролцоо нь Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх 60 хоногийн хэлэлцээний суурь болохоор байна. Хоёр улсын төлөөлөгчид 2026 оны 6 сарын 19-нд Швейцарт уулзаж, хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурахаар төлөвлөжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын мэдээлснээр, гэрээнд гарын үсэг зурж, усан зам дахь минүүдийг цэвэрлэсний дараа Ормузын хоолойг нээнэ.  Одоогийн байдлаар хоёр тал хэлэлцээрийн албан ёсны материалыг хараахан нийтлээгүй байгаа ба хэлэлцээрийн гол нөхцөлүүд тодорхойгүй хэвээр байна.

Хэлэлцээрийн мэдээллийн дараа Брент газрын тосны үнэ 4 хувиас илүү буурч, баррель нь 83 ам.доллар орчимд хүрлээ. АНУ-ын хөрөнгийн индексүүдийн фьючерс өссөн бол ам.долларын ханш хөгжингүй орнуудын валютын эсрэг суларсан байна.

Тээвэрлэлт хэвийн болох хүлээлт нь газрын тосны нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулж, инфляц дахин эрчимжих болгоомжлолыг тодорхой хэмжээнд намжаах хүлээлттэй.

Түр тохиролцоонд гал зогсоох болон Ираны гадаад зах зээлд газрын тос худалдахтай холбоотой зарим хоригийг сулруулах асуудал багтсан гэж мэдээллэсэн.

Иран 60 хоногийн хэлэлцээний хугацаанд анхдагч болон хоёрдогч хориг арга хэмжээг цуцлуулах; Ираны гадаад дахь царцаагдсан 12 тэрбум ам.долларын хөрөнгөө чөлөөлүүлэх; дайны үеэр учирсан хохирлыг нөхөн сэргээх санхүүжилт авах шаардлага Иран талаас тавих төлөвтэй байна.

АНУ нь Ираны цөмийн хөтөлбөр, өндөр түвшинд баяжуулсан ураны нөөц, баллистик пуужингийн үйлдвэрлэл болон бүс нутгийн зэвсэгт бүлгүүдэд үзүүлдэг дэмжлэгийг хязгаарлахыг шаардаж байна.

Одоогийн тохиролцоо нь эцсийн энхийн гэрээ бус, түр хэлэлцээр ба АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар өргөн хүрээний тохиролцоонд хүрэхгүй бол цэргийн ажиллагааг дахин эхлүүлэх боломжтойг анхааруулсан байна. Зах зээлийн өнөөгийн өсөлт нь баталгаатай үр дүнгээс илүүтэй эерэг хүлээлтэд тулгуурлаж байгаа ба хөрөнгө оруулагчид 6 сарын 19-ний гарын үсэг зурах үйл явц, Ормузын хоолойн бодит нээлт болон хориг арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй нөхцөлүүдийг анхааралтай ажиглах шаардлагатай.

Эх сурвалж: Bloomberg.com

Сүүлд нэмэгдсэн мэдээ