2026-09-22

Хятад хүн дүрст роботын IPO-ийн халуурлыг сааруулж эхэллээ

БНХАУ-ын зохицуулагчид хүн дүрст роботын компаниудын IPO-д тавих хяналтаа чангатгаж, зарим компанийн биржид гарах үйл явцыг сааруулж эхэлжээ. Салбарын компаниудын үнэлгээ хэт хурдацтай өсөж, орлогын бодит чанарт эргэлзээ нэмэгдсэн нь үүний гол шалтгаан болж байна.

Зохицуулагчдын болгоомжлолыг нэмэгдүүлсэн нэг жишээ нь Unitree Robotics юм. Тус компанийн хувьцаа Шанхайн биржид бүртгүүлсний дараа тав дахин өссөн ч оргил түвшнээсээ 55 хувиар буурч, роботын салбар дахь хөрөнгө оруулагчдын хэт өндөр хүлээлтийг дахин анхаарлын төвд оруулжээ.

Түүнчлэн зохицуулагчид роботын компаниудын орлогын эх үүсвэрийг илүү нарийвчлан шалгаж байна. Зарим компанийн орлогын тодорхой хэсэг нь орон нутгийн засаг захиргааны санхүүжилттэй дата цуглуулах төв болон хамтарсан төслүүдээс бүрддэг. Ийм орлого нь бодит, бие даасан хэрэглэгчийн эрэлтийг илэрхийлж байгаа эсэхэд эргэлзээ үүсээд байна. Зах зээлийн оролцогчдын тооцоогоор төрийн дэмжлэгтэй төслөөс бий болсон орлогыг хасвал зарим роботын компанийн үнэлгээ 60–70 хувиар буурах боломжтой аж.

Гэсэн хэдий ч энэ алхам нь Бээжин хүн дүрст роботын салбарыг дэмжих бодлогоосоо ухарч буй хэрэг биш юм. Харин салбарын өсөлтийг зөвхөн технологийн сонирхол, өндөр үнэлгээнд бус бодит хэрэглээ, захиалгын хэмжээ, тогтвортой орлого болон арилжааны үр ашигт тулгуурлуулахыг зорьж буй дохио гэж зах зээлийн оролцогчид үзэж байна.

2026 он гарсаар БНХАУ-ын компаниуд хувьцаа болон хөрвөх үнэт цаас гаргах замаар 148.9 тэрбум ам.доллар босгосон нь өмнөх оны мөн үеэс 59 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүний 41 хувийг технологийн салбарын компаниуд бүрдүүлжээ.

Эх сурвалж: Reuters