2026-09-23

Трамп-Иранд энхийн хэлэлцээр байгуулах талаар хатуу анхааруулга өглөө

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр Ирантай үргэлжилж буй мөргөлдөөнийг дуусгах хэлэлцээр байгуулах асуудлаар хатуу байр суурь илэрхийллээ. Тэрээр Ирантай тохиролцоонд хүрэх боломж байгаа ч хэлэлцээр бүтэлгүйтвэл  тус улсыг “Устгаж чадна” хэмээн анхааруулсан байна.

Трампын хурц мэдэгдлийн хариуд Ираны Зэвсэгт хүчин үүнийг “суртал ухуулга” хэмээн тодорхойлж, шаардлагатай тохиолдолд хариу арга хэмжээ авахад бүрэн бэлэн байгаагаа мэдэгдэв. Гэсэн хэдий ч үүний зэрэгцээ хоёр тал НҮБ-ын чуулганы хүрээнд зуучлагчдын оролцоотой хэлэлцээрийг үргэлжлүүлж байгаа нь тохиролцоонд хүрэх боломж бүрэн хаагдаагүйг харуулж байна.

Мөн Иран АНУ цэргийн дарамтаа бууруулж, боомтуудтай холбоотой хязгаарлалтаа сулруулбал дэлхийн газрын тос, хийн тээвэрлэлтийн чухал гарц болох Ормузын хоолойг дахин нээх боломжтой гэсэн саналыг дамжуулжээ. Энэхүү хоолойгоор дэлхийн газрын тосны томоохон урсгал дамждаг тул хэлэлцээрийн үр дүн эрчим хүчний зах зээл болон дэлхийн эдийн засагт чухал нөлөө үзүүлэхээр байна.

Зах зээлүүдийн хувьд хөрөнгө оруулагчид хэлэлцээрийн явцыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд хэрэв талууд тохиролцоонд хүрвэл Ойрх Дорнод дахь геополитикийн эрсдэл буурч, газрын тосны үнийн хэлбэлзэл намжих хүлээлттэй байна.

Эх сурвалж: Reuters